2020.03.10. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци ашиглалтын хоёр дахь тусгай зөвшөөрлөө авлаа

Канадын Торонто-гийн ба Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь алт-зэсийн орд газарт MV-021547 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авсан ба үргэлжлүүлэн 70 жил хүртэл сунгах боломжтой гэж мэдээлэв.  

Тусгай зөвшөөрлийг охин компани болох Эрдэнэмонгол ХХК-ийн нэр дээр авсан ба мөн аймгийн Шинэжинст сумын нутагт MV-021444 дугаартай ашиглалтын тусгай ноднин зөвшөөрлийг авсан билээ. Тэдний мэдэлд бас хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл байдаг.

2020.02.25. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, Д.Энхжаргал, Б.Амарсанаа, Д.Нацагдорж нарыг томиллоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд “Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд үүнээс 3 нь хараат бус гишүүн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчийн хурлаас 3 жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Д.Мөнхгэрэл, Д.Энхжаргал, Ц.Пүрэврэнчин нарын үүрэгт хугацаа дууссан тул ийнхүү дээрх гишүүдийг ТУЗ-ийн хараат бус гишүүдээр томилов.

Д.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг Санхүү, банкны эдийн засагч мэргэжлээр дүүргэж, АНУ-ын Вандербилдийн их сургуульд Эдийн засгийн хөгжлийн онолоор магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр банк, санхүүгийн салбарт тасралтгүй 30 жил ажиллаж байгаа юм.

Б.Амарсанаа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр дүүргэж, Японы Нагояагийн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд хууль зүйн салбарт тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байна.

Харин Д.Нацагдорж нь “Мандах бүртгэл” дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан юм. Тэрбээр санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 18 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд дотоод аудитор, үнэт цаасны зах зээлээр мэргэшсэн нэгэн юм.

2020.01.20. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны үр дүнгийн урамшуулалд 9.9 сая төгрөг олгох болжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв Санааны нэгдэл” ҮЭ-ээс тус компанийн захиргаатай ярилцлага хийж “Хамтын гэрээ”-ний 3.2.1-д заасны дагуу тус компанийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны ажлын үр дүнгийн урамшуулалд ажилтан, ажилчин тус бүрт компанийн дундаж цалин болох 2 490 000 төгрөгөөр тооцож нийт 4 сарын буюу 9 960 000 төгрөгийн урамшууллыг 2020 оны нэгдүгээр сард багтаан олгох болжээ. Тэрчлэн 2020 оны нэгдүгээр сараас бүх ажилтан, ажилчдын цалинг 20 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ.

Түүнээс гадна бүх ажилтан, ажилчиддаа 2019 оны 13 дахь сарын цалин болгож 1 сарын үндсэн цалинг 2019 ондоо багтааж дансанд нь шилжүүлэх болсон байна.

2019.12.27. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт (УБ-12)-ыг зарлав

Улсын Их хурлаас 2019 оны 3-р сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг дараах маягтын дагуу бүртгэх болсныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарлав.

2019.12. “Эко Алтан заамар” ХХК оноосон нэрээ өөрчилж “Бүрдэл майнинг” болгосноо зарлав

Төв аймгийн Заамар суманд алт олборлодог “Эко Алтан Заамар” ХХК саяхан нэрээ өөрчилж “Бүрдэл майнинг” ХХК болсноо зарлав.

Одоогоор Улсын бүртгэлийн мэдээллийн санд дээрх өөрчлөлтийг тусгаагүй байна

Уул уурхайн технологийн алдаа гарснаас энэ оны гуравдугаар сард компанийн олборлолтын талбайд нуралт болж 4 хүн, арван хоёрдугаар сард техникийн ослоос нэг хүн нас барсны улмаас компанийн нэр хүнд унаж, бүр үйл ажиллагааг нь зогсоож магадгүй гэж байсан ч тэгээгүй билээ. Ийм нөхцөлд компанийн нэрийг өөрчилсөн нь олон нийтийн өмнө эерэг харагдах оролдлого гэж ойлгогдож байгаа юм.