Ил тод болгох нь: Бүртгэлээс ашиг хүртэгч жинхэнэ эзэн хүртэл

Монголын хөгжлийн ганц гарц нь уул уурхай байна, эсхүл огт хэрэггүй мэт туйлширсан маргаан мэтгэлцээн лавтайяа сүүлийн хориод жил монголчуудын дунд үргэлжилж цэг тавигдаагүй байгаа хэдий ч олборлох салбар өөрийн жамаар тасралтгүй хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүрчээ. Нэгэнт бодит хүчин зүйл болсон энэ салбарыг зөв хөгжүүлж үр шимийг нь монголчууд нийтээрээ хүртдэг болох учиртай.

Үүний тулд яг хийх ёстой олон зүйлийн нэг нь урьд жилүүдэд төдийлөн яригдахгүйгээр орхигддог байсан уул уурхайн орд газрууд буюу тэдгээрийг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй ашиг хүртэгч жинхэнэ өмчлөгч эздийг ил тод зарлах шаардлагатай болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар “гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад” байхаар тунхагласан газрын хэвлийн баялгийг ашиглаж мөнгө олох эрх буюу тусгай зөвшөөрлийг янз бүрийн компаниуд авдаг. Уг нь компанийн нэр бол байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд жинхэнэ эзэд нь бараг мэдэгддэггүй. Тэд хэн бэ? Хэн нь хэн бэ? Монгол, гадаад нэртэй компанийн цаана хэн байгаа, хувь, хувьцааг хэн эзэмшиж байгааг лавлахад бас нэг компани, түүний цаана дахиад өөр компанийн сураг гардаг. Гэхдээ энэ бүгдийн цаана эцсийн эцэст хэсэг бүлэг хүмүүс, эсвэл хэн нэгэн хувь хүн байдаг жамтай.

Хэрвээ тэд нийтийн баялаг болсон орд газрыг хууль журмын дагуу эзэмшиж, татвараа үнэн зөвөөр төлж байгаа бол олон нийтээс нуугдах учиргүй. Барилга байшингийн шав тавьж, хөшөө суварга босгохлоор тууз хайчилж зогсдог эрхмүүд ашигт малтмал олборлох болохоороо харагддаггүйн учир юу вэ? Хэзээ ч нөхөж бий болохгүй тэр баялгийг онцгой эрхээр авч ашигласны тэрбум тэрбумаар тоологдох ашиг чухам хаанахын хэнд очиж байна? Уул уурхайг тойрсон зөрчил тэмцэл, усны бохирдол, газар нутгийн эвдрэлийн цаад буруутан хэн бэ?

Иргэд, олон нийтийн өмнө өдөр бүр тавигддаг энэ бүх асуултын хариулт тухайн компанийн жинхэнэ эзнийг мэдэж авахаас эхлэнэ. Тэд тодорвол олборлох салбарын ил тод байдал жинхэнэ утгаараа бий болно. Үүний тулд тухайн компанийн бүртгэлээс эхэлж үндсэн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл, бүтэц, удирдлага, эзэмшлээр дамжин тэдэнд хүрэх хэрэгтэй болж байна.

Бичээрэй