Олборлох салбарын компаниуд: Хэн нь хэн бэ?

Нэг.

Газар тариалангийн салбарт өмнөх нийгмийн үед тариаланч гэж трактор, комбайн, үтрэм дээр өөрийн биеэр гардан ажилладаг хүмүүсийг хэлдэг байсан бол өнөөдөр зөвхөн компанийн захирлуудыг тэгж нэрлэдэг болжээ. Уг салбараас гавьяат төрж, одон медаль зүүж байгаа болон хэвлэл мэдээллээр магтуулж байгаа хүмүүсийг харахад дандаа захирлууд. Тэд бараг бүх тохиолдолд компанийхаа эзэд юм. Гэтэл уул уурхайн салбарт эсрэгээрээ, эзэд байтугай захирлууд нь болж л өгвөл нуугдчих гээд байдаг. Бүр нэр нь тодорхой ч бие нь олдож өгдөггүй.

Олон нийт яагаад уул уурхайн компанийн эздийг мэдэхийг хүсдэг вэ? Компаниуд бизнесээ хэрхэн явуулж, хэр ашиг олох нь тэдний дотоод хэрэг мэт боловч ухаж байгаа баялаг нь “төрийн нийтийн өмч” учраас тэр. Тусгай зөвшөөрлөө авлигагүйгээр авсан, ашиг орлогоо бултуулж зувчуулахгүйгээр татвараа бүрэн төлсөн гэдэгт итгэхийн тулд. Ямар ч уурхай газар орныг ухаж заавал эвддэг, усыг соруулж аваад бохирдуулж асгадаг учраас нөхөн сэргээлгэх, хэрвээ тэгээгүй бол хариуцлага нэхэхийн тулд. Харин энэ бизнесийг зөв шударгаар эрхэлж байгаа бол компанийн эзэн үл үзэгдэгч байх учиргүй.

Гэхдээ энэ бол хэн нэгний хүсэл, уриа лоозон төдий биш юм. Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д нэгдсэн учраас уул уурхайн компаниудын бенефициар буюу ашиг хүртэгч эздийг 2020 оны 01-р сарын 01 гэхэд ил тод болгосон байх үүргийг олон улсын өмнө хүлээсэн билээ. Үүнд бэлтгэж зарим арга хэмжээ авсан байдаг. Юуны өмнө компанийн эздийг эцсийн өмчлөгч хэмээн томъёолж үүнийгээ заавал мэдүүлэх үүргийг тэдэнд хүлээлгэсэн юм. (Хөрөнгийн биржэд бүртгэлтэй хувьцаат компанийн тухайд бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигч) Гэвч 2019 оны 12-р сарын шувтаргаар дүгнэхэд,  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёр мянгаад компанийн дөнгөж хориодхон хувь буюу 436[1] нь эцсийн өмчлөгчөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдүүлсэн байв. Татварын ерөнхий газарт ингэж мэдүүлсэн компанийн тоо арай илүү – 547[2]. Эцсийн өмчлөгч өөрчлөгдөхөд тухай бүр мэдүүлж байх үүргээ компаниуд бараг биелүүлээгүй. “Тусгай зөвшөөрлийн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд” гэгчийг Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлдэг журамтай хэрэгждэг эсэх нь тодорхойгүй. Дээрх тоонууд ба дүгнэлтийг УБЕГ ба УУХҮЯ-наас бэлтгэсэн танилцуулгаас  авлаа.

Манайд зөв бурууг нь хэлэхэд хэцүү нэг зуршил бий. Тэр бол хуулийг хэрэгжүүлж чадахгүй болохоороо өөрчлөлт оруулж ухралт хийдэг, ингэхдээ хамгийн түрүүнд хугацааг нь сунгадаг явдал юм. 2019 онд 3-р сард Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг өөрчилж 2020 оны 01-р сарын 01-нээс хойш шинээр бүртгүүлэх компаниуд эцсийн өмчлөгчөө заавал мэдээлж байх, харин өмнө нь бүртгүүлсэн компаниуд энэ ондоо багтаан нөхөж мэдээлэх үүргийг дахин хүлээлгэв. Бас өөрчлөлт гарвал тухай бүр мэдээлж байх ёстой.

Ингээд өмнөх хууль журмыг биелүүлээгүйн төлөө нэг ч компани, албан тушаалтан хариуцлага хүлээхгүй өнгөрөв. Одоо бүгд гэнэт сахилгажиж үнэн зөв бөгөөд цаг хугацаандаа мэдүүлж эхэлнэ гэдэгт итгэхэд бэрх. Энэ удаад асуудлыг бүр хавтгайрууллаа. Учир нь үүнээс хойш дан ганц уул уурхай гэлтгүй бүх хуулийн этгээдэд эцсийн өмчлөгчөө мэдүүлэх үүргийг хүлээлгэжээ. Ингээд тоо нь хоёр мянга биш, хоёр зуун мянгад[3] дөхөж байгаа Монгол Улсын бүх компани, аж ахуйн нэгж, төрийн бус болон бусад байгууллагын эцсийн өмчлөгчийн мэдээллийг нэгбүрчлэн, тэгэхдээ цаасаар[4] авах гэж байна. Одоо эцсийн өмчлөгчийн маягтыг бөглөх, бөглүүлэх, хүлээн авч нягтлах, хадгалах, дараа нь мэдээж цахим болгохын тулд гараар шивж оруулах, энэ хооронд гарах өөрчлөлтийг байнга тусгах гээд эцэс төгсгөлгүй ажил ундарна. Улмаар эцсийн өмчлөгчийг ил тод, нээлттэй болгох ажил яагаад сунжирч байгааг цайруулах ээлжит шалтаг буюу шалтгаан энэ болж хувирах биз.

Бас нэг том шалтгаан бий. Төрийн байгууллага мэдээлэл цуглуулах нэг хэрэг. Дээрх хуулийн өөрчлөлтөөр улсын бүртгэлийн ил тод, нээлттэй байх мэдээллийн жагсаалтад эцсийн өмчлөгчийг дахиад л багтаасангүй. Одоо төр бүртгээд, араас нь нууцлаад сууж байх ажээ. Тухайн компани өөрөө зөвшөөрвөл зарлах хуулийн боломж байдаг ч ялангуяа олны анхаарал татсан, эгзэгтэй компаниуд хүсэхгүй бол гүйцээ. Ердийн компанийн эзэн хэн байх нь олон нийтэд чухал биш байж магадгүй ч “төрийн нийтийн өмчийг” ашигладаг уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг нээлттэй болгохоо албан тушаалтнууд амалж байсан ч энэ удаад тэгсэнгүй. 

Хоёр. 

Чухам ийм учраас олон нийт, хэвлэл мэдээлэлийн зүгээс төрд найдахыг орхиж уул уурхайн жинхэнэ эздийг олж мэдэх өөр арга замуудыг түлхүү ашигласан нь дээр. Юуны өмнө ОҮИТБС-ын хүрээнд өнөөдөр ашиг хүртэгч буюу бенефициар эзэн, өмчлөгч гэсэн нэр томъёо, ашиг хүртэгч эцсийн эзэн, улс төрд нөлөө бүхий этгээд зэрэг тодорхойлолтын дагуу нэлээд их мэдээлэл цуглуулдаг болсныг хэлэх хэрэгтэй. Одоогоор хамгийн сүүлчийн буюу 2018 оны тайланд хамрагдсан 202 компанийн 60 нь бенефициар өмчлөгчийн мэдээллээ ирүүлжээ. Жагсаалтыг үзэхэд, 52 компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, 36 компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, 184 компанийн бенефициар өмчлөгчид (хувь хүн), 80 компанийн бенефициар өмчлөгчид (хуулийн этгээд), мөн цөөн хэдэн компанийн ногдол ашгийн мэдээлэл ямар нэг хэмжээгээр багтсан байна.

“Ямар нэг хэмжээгээр” гэдэг бол зарим нь бүрэн, зарим нь хагас дутуу, бас өөр хоорондоо зөрүүтэй зэргийг хэлж байгаа юм. Тайланд мэдээллийг хэт олон сэдэвчлэн салгаж байршуулсан нь аль нэг компанийн бүртгэл, тусгай зөвшөөрлөөс эхлээд бенефициар өмчлөгч хүртэлх дүр зургийг бүтнээр олж харахад түвэгтэй болгожээ. Нөгөө талаар уг тайлангийн хамрах хугацаа 2018 оны 12-р сарын 31 хүртэл учраас түүнээс хойш гарсан өөрчлөлтүүд тусаагүй юм. 

Чамлахаар чанга атга гэдэг. Энд “бэлэн хоол” гэж байхгүй. ОҮИТБС-ийн дээрх мэдээллийг бусад эх сурвалжуудтай зэрэгцүүлэн ашиглаж эцсийн өмчлөгч рүү алхам алхмаар дөхөхөөс өөр арга байхгүй. Бусад гэж ямар эх сурвалж вэ? Өнөөдөр цагийн аясаар цөөнгүй компани өөрсдөө нээлттэй болж байна. Олны анхаарал татсан, буруу зөвөөр шуугиулсан компанийн эздийг олон нийт аяндаа нэхээд, хэвлэл мэдээлэл эрэн сурвалжлаад гаргаад ирдэг.  Улс төрийн ба бусад шалтгаанаар өрсөлдөгчид бие биенээ илчлэх нь бий. Зарим мэдээллийг шүгэл үлээгчид дэлгэсэн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийг хамгийн сүүлд бүртгүүлснээр нэрлэж байгаа нь эцсийн өмчлөгч мөн эсэх нь тодорхойгүй ч цааш эрж хайх сэжүүр болдог.

Энэ бүгдийг харгалзан манай “Ил тод байдал сан” ТББ нь олборлох салбарын компаниудын жинхэнэ эздийн мэдээллийг нэгтгэдэг цахим сайтыг байгууллаа. Бидэнд олддог мэдээлэл ихэнхдээ хагас дутуу, сураг ажиг төдий, хуучирсан, ойлгомжгүй, бас хамгийн хамгийн чухал нэр, тоо дутуу байх нь элбэг. Одоогоор цуглуулсан мэдээллүүд нь компанийн хувьцаа эзэмшигч, гишүүн, үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, бенефициар өмчлөгч гэх мэтээр давтагдсан бөгөөд цаашдаа нягтлан тодруулж баталгаажуулахын хэрээр энэ зөрүү багасч нэр томъёо жигдрэх юм.

Уул уурхайн компанийн жинхэнэ өмчлөгч эзэн гэж нэр хэлээд асуудлыг дуусгахсан. Харамсалтай нь тийм боломж үгүй. Ихэнх эзэд өөр өөрийн шалтгаанаар нуугддаг. Тэд нийгмийн сүлжээнд үзэгдэхгүй, гэрэл зургаа тавихгүй. Ийм учраас янз бүрийн компанийн, тэр дундаа эзэмшил өмчлөлд холбогдолтой байж болох бүх мэдээллийг хуучин шинэ, баталгаа нотолгоогүй гэж үлдээхгүйгээр аль болох олон сурвалжаас цуглуулж байж дүгнэлт хийдэг баталж нотлох хэрэгтэй. Өнөөдөр үнэн байсан мэдээлэл маргааш худлаа болдог. Яагаад гэвэл уул уурхайн компанийн хувьцаа, тусгай зөвшөөрөл нэгээс нөгөөд шилжиж, эзэмшлийн тоо хэмжээ нь өөрчлөгдөх магадлал үргэлж байна. Ийм учраас аливаа компанийн эзэмшил өмчлөлийн жинхэнэ дүр зургийг олж харахын тулд улсын хил ба цаг хугацаагаар хязгаарлах боломжгүй. Гэтэл манай хуулийн этгээдийн улсын бүртгэл болон албаны бусад эх сурвалжуудын маш том дутагдал бол нэг удаагийнх байдаг буюу мэдээллийг шинэчлэхдээ өмнөхийг алга болгочихдог явдал юм.  

Манай цахим сайт олборлох салбарын компаниудад болж байгаа үйл явдлыг тасралтгүй ажиглах олон нийтийн ой санамж, нээлттэй орон зай байх юм. 

Гурав. 

Аль нэг компани гадаадын, ядахдаа Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй бол учиртай. Тэнд хувьцаа эзэмшигчдэд зориулж тухайн компанийн тайлан, танилцуулгыг заавал нээлттэй болгодог. Дүрэм журам нь тийм юм. Хувьцаа эзэмшигч болгоныг овог нэрээр нь жагсаахгүй ч “нөлөө бүхий хувьцаа эзэшигчид”-ийг хувь хэмжээтэй нь албан ёсоор зарладаг нь эцсийн буюу бенефициар өмчлөгчийг бараг нэрлэсэн гэсэн үг юм. Гэхдээ цаана нь далд эзэмшигч үлдэж хоцорсон байхыг үгүйсгэхгүй. 

Уулын цаана уул гэдэг шиг компанийн цаана компани гарч ирэх нь уул уурхайн бизнесийн онцлог бололтой. Одоо яг мөн гэж бодсон хувь хүн, компанийг эзэмшдэг өөр хувь хүн, компани гараад ирэх нь жирийн үзэгдэл. Энэ мэтээр үргэлжлэвч хэзээ нэгэн цагт хувь хүн, эсвэл хэсэг хүмүүст тулж очоод зогсох ёстойг бид мэднэ. Тэнд олон хүн байсан ч тэдний эрх мэдэл, эзэмших хувь хэмжээ адилгүй, улмаар нэг нь давамгайлж, бусдаас илүү хүртдэг нь жинхэнэ эцсийн өмчлөгч байх жишээтэй. Энэ мэтээр компанийн ард хэн байдаг, хэн хэдэн хувьтай, өөр хоорондоо яаж холбогддог, гадаад дотоод хачин чамин нэрс, хөрөнгө оруулагчид гээд олон үл мэдэгдэгчтэй томъёо адил эзэмшлийн бүтцийг манай уул уурхайн бизнес эрхлэгчид мэддэг төдийгүй чаддаг болсон нь илт, харин олон нийт саяхнаас асууж сонирхдог болж байна.

Эцсийн өмчлөгчийн эрэл нэрнээс эхэлнэ. Компанийн захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг судалж мэдэх нь бенефициар буюу эцсийн өмчлөгч хэмээх тэр этгээд рүү дөхөж очих эхний шат, зайлшгүй алхам юм. Энд тулгардаг гол асуудал бол албан ёсны бүртгэлийн мэдээлэл замбараагүй талдаа, өөр хоорондоо зөрдөг, нэг стандарт тогтоогүй явдал юм. Наад зах нь компанийн болоод хувь, хүний нэр овог, аж ахуйн нэгжийн хэлбэр, тоо, тэмдэглэгээ, гадаад дотоод нэрийг хэрхэн бичих нь цэгцрээгүй хэвээр байна. Монгол, англи, орос, хятад үгийн дуудлага болон товчлол холилдсон, кирилл үсэгт янз бүрээр буулгаж бүртгүүлсэн компанийн нэрс жинхэнээсээ будлиулдаг. Улсын бүртгэлд албан ёсоор Монцемент, компаний албан ёсны хуудсанд Мон цемент гэж бичдэг нь хоёулаа зөв байдаг. Манай уул уурхайн салбарт гадаадынхан дундаа зонхилж байгаа хятад компани ба хятад хүний овог нэрийг кирилл үсгээр хэрхэн буулгаж байгаа нь тэр чигээрээ холион бантан. Харин сүүлийн жилүүдэд компанийн регистрийн дугаарыг хэрэглэж хэвшиж байгаа нь олзуурхууштай. 

Компани томрох тусам эзэмшлийн бүтэц задарч нарийсдаг. Энэхүү утасны үзүүрийг хөөхөд заримдаа шууд, заримдаа хэд хэдэн компани, хувь хүнээр дамжаад хилийн дээсийг давж гадаад нэр зүүгээд алга болчихож байгаа юм. Тэр нь Виржини, Кайман, Мэйн, Нидерланд, Люксембург, Бельги-д, бас Хонгконг-д бүртгэлтэй гэвэл эрэл үндсэндээ мухардана. Ийм компанийг “барьж авах” нэг сэжүүр бол Монголд төлөөлж байгаа хүнийг олох. Гэхдээ тэр нь монгол хүн байвал шүү. Жинхэнэ эзэн, эцсийн өмчлөгч болох нь нийтэд тодорхой, бүр өөрөө тэгж мэдэгддэг эрхмүүд хүртэл компаниа улс тив дамнасан бүтцээр дамжуулан эзэмшиж байгаа нь элдэв эргэлзээ хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Тэгж орооцолдсон эзэмшлийнхээ учрыг эзэн нь өөрөө олдог болов уу, заримдаа будилж хэцүүддэг байх гэж бодогдог шүү. Өөрөө хувь эзэмшдэг компанитайгаа гаднаас нь хувь хүнийхээ хувьд хамтраад бас нэг компанид хөрөнгө оруулж эзэмшдэг гэх мэт хачин сонин бүтэц зөндөө. 

Орон нутгийн иргэд уул уурхайн компанитай холбоотой зарга мэдүүлэхдээ төлөөллөө алс баруун, зүүн хязгаараас ч хамаагүй заавал нийслэл рүү илгээдэг нь учиртай. Бүх уурхай зөвхөн хөдөө байдаг бол тусгай зөвшөөрлөөс эхлээд бусад бүх асуудал Улаанбаатарт шийдэгддэг төдийгүй уул уурхайн эзэд бараг бүгд Улаанбаатарт амьдардаг. Хөдөөний зарим сумдын иргэд ямар нэгэн компанийн жинхэнэ эзнийг олж өгөөч, эсвэл эзнийг мэднэ, харин хаана суудгийг хэлж өгөөч, хүсэлт шаардлагаа тавья гэдэг нь аргагүй. Орон нутгийн өмчийн нүүрсний уурхайн удирдлагууд нутагтаа оршин суудаг байх, гэхдээ Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-ийн 49 хувийн том өмчлөгчид бүгд Улаанбаатарт суурьшжээ.

Дөрөв. 

Алтыг “оройд нь хүршгүй жаргал”-тай зүйрлэдэгээс тэр үү манайд ашигт малтмалын компаниуд, тусгай зөвшөөрлийн ихэнх нь алтных. Алт ухдаг компаниудын гүйцэтгэх захирал, эзэн хоёр нь, бүр эцсийн өмчлөгч гурав нэг хүн байх магадлал маш өндөр. Заамарт алт олборлодог Ай Би Би Ай ХХК хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд бенефициар өмчлөгч нь түүнийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн Чойжамцын Оюунгэрэл[5] ажээ. Дундговь, Завханд хайгуул хийж байгаа Касстаун ХХК-ийн бенефициар өмчлөгч нь Дамбадаржаагийн Энхбат[6] – 100.0 % гэх мэт.

Ганц өмчлөгчтэй иймэрхүү компанийн хувилбар бол гэр бүлийн компаниуд юм. Хэнтий, Увсад алтны уурхайтай Дацан трэйд ХХК-ийн бенефициар өмчлөгчид нь Дэжидийн Баянбат (80 %)[7], Баянбатын Цэнгүүн (20 %) буюу аав хүү хоёр. Дун-Эрдэнэ ХХК-ийн эцсийн өмчлөгч Л.Лхагвасүрэн[8] – 34 %-тай ба хоёр хүүхэддээ тус бүр 33 %-ийг хуваарилжээ. Нүүдэлчин группт[9] багтдаг уул уурхайн компаниудын эзэмшигчдийн жагсаалт гавьяат эдийн засагч Б.Шүхэртээр эхэлж түүний хүүхдүүд болох Ш.Бүтэд, Ш.Жаргал, Ш. Батнасан, Ш.Лхамсүрэн гэхчлэн үргэлжилдэг. УИХ-ын гишүүн Цэдэнгийн Гарамжавын[10] брэнд болсон алтны Монполимет ХХК-ийн бенефициар өмчлөгчид нь тэрбээр өөрөө – 25 %, түүний хоёр охин Нармандахын Уртнасан – 24 %, Нармандахын Мөнхнасан – 51 % нар юм. Сонирхолтой нь, тэдний байгуулсан Монцемент билдинг материалс ХХК-ийн 20 хувийг хөрөнгө оруулалт хийсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк[11] эзэмшжээ. 

Одоогийн УИХ-ын гишүүдээс Ц.Гарамжаваас гадна Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат Хэрх-Илч ХХК гэдэг уул уурхайн компанитай. Сандагийн Бямбацогт гишүүн Хар тарвагатай ХК-ийн тодорхой тооны хувьцаа эзэмшдэг.

“Монголбазальт” ХК-ийн эзэмшигчид нь Лхагважавын Ариунболд ба Ариунболдын Энхмаа, Ариунболдын Энхгэрэл, Ариунболдын Энхжин нар юм. Харин тусгай зөвшөөрөл нь алтных биш. 

Төмрийн хүдрийн олборлож баяжуулдаг Бэрэн группийн эзэмшигчид[12] нь Бэрэнбалын Ганбат, Бэрэнбалын Мөнхдалай, Бэрэнбалын Мөнхтөр, Бэрэнбалын Сарангэрэл, Бэрэнбалын Сономсүрэн, Бэрэнбалын Чимгээ болон Ганзоригийн Баттулга, Ганзоригийн Энхболд, тэгээд Цэдэнсодномын Батбаяр, Цэдэнсодномын Батболд, Цэдэнсодномын Бат-Эрдэнэ гээд үргэлжлэхийг бодоход гурван том гэр бүлийн өмчлөлтэй. Лхагвын Ундрах, Лхагвын Сэргэлэн, Лхагвын Зоригт, Лхагвын Байгалмаа (Тэнгэрийн данс ХХК) гэх мэт ах дүү нарын компани зөндөө тааралдана. Хос-хас ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг тэргүүн дэд захирал Батжаргалын Ангараг, гүйцэтгэх захирал Батжаргалын Дөлгөөн, дэд захирал Батжаргалын Төгөлдөр, ерөнхий захирал Батжаргалын Тэнгис нар зай завсаргүй бүрдүүлжээ. Харин бенефициар өмчлөгч нь Батжаргалын Тэнгис ганцаараа гэнэ.  

Уул уурхайн CC Монголиа ХХК[13]-ийн эзэмшлийг мөшгөхөд Оюуны ундраа групп[14] рүү заалаа. Тэгэхээр эцсийн өмчлөгчид нь УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр, одоогийн Улаанбаатар хотын засаг дарга С.Амарсайхан нар юм. Тэгтэл нэрнээсээ гадаадын хөрөнгө оруулалттай байх гэж харагдах Нитро сибир азиа ХХК компанийн цаана Нитро Сибир Монголиа ХХК, түүний цаана Титанобел Монгол ХХК, түүний цаана Тита Номгон ХХК гэхчлэн цуврах зуур хувь, хувьцаа эзэмшигчдээр олны танил биш хүмүүс нэр бичигдсэн байсан ч Нитро сибир азиа ХХК-ийг анхны үүсгэн байгуулагчаар Оюуны Ундраа группийн ах дүү эздийн нэг тодорч хоорондоо холбогдлоо.

Кёкүшюзан Батбаярт японы хөрөнгө оруулалттай уул уурхайн Харанга сүмбэр ХХК[15], Сатономатериал ХХК[16] зэрэг компаниуд хамаардгийн дотор Чингис ворлд майнинг ХХК[17]-ийг хамтран эзэмшигч нь Хаан банкны Хидео Савада байдаг анхаарал татаж байна.

Гэр бүлийн биш хэд хэдэн өмчлөгчтэй компаниуд байх. Өсөх зоос ХХК[18]-ийн бенефициар өмчлөгчөөр Чойжамцын Чинбат[19],– 68 %, Паламын Баярцог,– 24 %, Сүхдоржийн Батхүлэг – 8 % гэж гурван хүн бичигджээ. Нийлээд яг 100 %. Маш их зардалтай энэ бизнест шинээр хөрөнгө оруулагч гарч ирэх, үүний тулд эзэд нь гэрээ хэлэлцээрт орж нэг мэдэхэд хувь эзэмшил өөрчлөгдсөн байх нь цөөнгүй.

Монголын алт (МАК) ХХК[20]-ийн эцсийн өмчлөгчид нь Б.Нямтайшир, түүний гэр бүл Д.Хулан, гүйцэтгэх захирал нь охин Н.Цэлмүүн. Харин сүүлийн үеийн дуулианы эзэн Н.Номтойбаяр хүүгийн оролцоо алга. Нарантуул компанийн эзэн нь Ш.Сайхансамбуу биш Ш.Оюунсогоо[21] буюу түүний гэр бүл ажээ.

Ноён уул-тай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлийн бай болоод байсан Бороо гоулд ба Сентерра гоулд-ыг төлөөлөх нь хүн монголын хуулийг өөрчлүүлэхээр лобби хийж байгаа, удахгүй бүтнэ хэмээн ярьж буруутсан Казакоф биш, Австралийн Брисбенд төвтэй OZD Capital болжээ[22]. Харин OZD-ийн Монголын талын захирал нь Блүүмберг телевизийн захирлын дүү Эрдэнэбаатарын Дөлгөөн болжээ. Тэгэхээр өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банк юм. Монголын нөгөө нэг том банк – Голомт банкны захирал Данзандоржийн Баясгалан бол Цэцэнс майнинг энд энержи ХХК-ийн эцсийн өмчлөгч.

Наанаа тов тодорхой эзэмшилтэй хэрнээ цаанаа түвэгтэй бүтэцтэй компаниуд маш олон.

Монгол газар компани[23] бол Ц.Мянганбаярынх гэж бүгд эргэлзэхгүйгээр хэлнэ. Гэтэл бүртгэл дээрээ хувьцаа эзэмшигчээр Goblstar Hold /BVI/ Ings (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс)-ийг нэрлэжээ.

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр”[24] гэж дуулиантай компани бий. Эзэн нь дуучин Оюунтүлхүүрээр овоглох шахсан Р.Базар гэж хэвлэл мэдээллийнхэн бичдэг ч үүнийг нотлох баталгаатай эх сурвалж хараахан олдоогүй, харин Mongolian Resources Corporation S A R L (Люксембург) гэсэн эзэмшилтэйг бүртгэлээс харж болно. Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж ноднин хоёр том осол гаргасан “Эко Алтан заамар” ХХК-ийн далд эзнээр Базарыг тодруулдаг ч бас нотолгоо байхгүй, эзэмшигч нь гүйцэтгэх захирал П.Төмөрцэцэгээс цааш задрахгүй байгаа. Дашрамд дурдахад энэ компани саяхан нүүрээ бууруулж байгаа мэт Бүрдэл майнинг ХХК[25] нэртэй болсон байх юм.

Алтан Дорнод Монгол ХХК[26]-ийн эцсийн өмчлөгч нь арваад жилийн өмнө ОХУ-ын иргэн С.В.Паушокоос дуулиантайгаар худалдаж авсан Тордайн Ганболд гэдэгт хэн ч эргэлдэггүй. Харин эзэмшигч нь Goldstream Mongolia Inc (Британийн виржини арлууд) ажээ. Оффшор, татвар гээд далд шалтгаанууд байдаг биз. Дашрамд дурдахад, Очир-Ундраа ХХК[27]-ийг өмчлөгч Тардайн Гантөмөрийг түүний ах дүү гэж зарим нь боддог байж магадгүй ч биш ажээ.

Гадаадын уул уурхайн компаниудын дотор олон улсын хөрөнгийн биржэд, үгүй бол элдэв оффшорт бүртгэлтэй БНХАУ, тэр тусмаа Хонконгийн компаниуд зонхилжээ. Хятадын хөрөнгө оруулалтын тодорхой жишээ болж явдаг Шинь Шинь ХХК[28] хүртэл шууд урдаас бус, Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй Грийт Промайс энтерпрайс ЭлТиДи нэр бүхий тойруу замаар орж ирсэн байна.

“Төрийн нийтийн өмч” гэж Үндсэн хуулинд тодорхойлсон ашигт малтмалыг тусгай зөвшөөрлөөр ашиглуулах нь хангалтгүй, тийм компанийг нэг хүн, нэг гэр бүл биш, олон нийт хувьцаагаар эзэмших ёстой гэсэн байх суурь байдаг. Гадаадын том компаниудын жишээ ч байна. Одоо манайд төрийн ба орон нутгийн өмчит хэдэн компанийг эс тооцвол хувьцаа гаргасан тийм компани хараахан алга. Бэрэн майнинг компани 2012 онд үнэт цаас гаргахаар МХБ-д бүртгүүлсэн боловч 2018 онд хасагдсан байх юм. 

Хойд хөршийн хөрөнгө оруулалттай компанийн тоо гарын таван хуруунаас цөөн, Адил-Оч, Адуляргео, Эм Жи Би гэсхийгээд ерөнхийдөө шувтарлаа. Нэг нь Хөвсгөл аймгийн Могойн гол нүүрсний уурхайд хувь эзэмшжээ. Герман угшилтэй компани хэд хэд байгаагийн нэг нь – Ай Эн Ди ХХК[29] ба түүний цаадах Интермартех ба Уулко компаниуд бөгөөл алт олборлодог. Биднээс хаа хол тивийг нэрэндээ залсан Афро Азия Минералз [30]ХХК-ийн өмчлөгчид БНХАУ-ын хэсэг иргэд ба хятадын нэгэн компани. Манайхан Тайландад амарч мөнгөө үрдэгийг мэдэхээс биш, тайландчууд Монголд, тэр тусмаа уул уурхайд хөрөнгө оруулдаг гэж санасангүй. Тэдний эзэмшилтэй компанийн жагсаалт Билэгт хайрхан уул, Голден Гоби Майнинг, Мөнхноён суварга, Хүннү Алтай Минералс, Хүннү-Говь-Алтай ХХК гэхчлэн үргэлжилнэ. Казакстан улсын иргэний өмчилдөг нэг компанийг Эй Эл Жи Ти ХХК гэдэг. Монгол болгаргео ХХК[31]-ийн нэрийг сонссон хүн түүний эзэмшигч нь Жинлиань[32] нэртэй компани байна гэж төсөөлөхгүй. Гэхдээ Жинлиань-ийн хувьцаа эзэмшигчээр хятад биш, монгол хүний нэр бичигджээ. Төстэй жишээ гэвэл Ренова илч[33] хэмээх орос талын нэртэй компанийн хөрөнгө оруулагчид нь Хонконгийнх[34].

Тав.

Монголын уул уурхайн компаниудын эзэмшил, өмчлөлийн онцлог гэж байдаг уу? Гүйцэтгэх удирдлага ба төлөөлөн удирдах зөвлөл буюу хувьцаа эзэмшигчдийн хурал болон жинхэнэ өмчлөгч эздийн зааг ялгааг гаргахад хэцүү. Манай компаниудийн хувь, хувьцаа нь ихээхэн төвлөрсөн хэвээр, эзэд нь компаниа гардан удирддаг, тэгээд захирал юмуу удирдах зөвлөлийн дарга нэрээр даруухнаар ил гарч харагддаг. 

Аймгууд өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор орон нутгийн өмчийн нүүрсний уурхай ажиллуулдаг. Харин Төв аймгийн удирдлага[35] гурван жилийн өмнө гэнэтхэн алтны бизнест хөл тавихаар шийдэж “Эрдэнэсийн эрэг”[36] нэртэй компанийг байгуулахдаа ихээхэн өгөөмөр загнаж аймагтаа зөвхөн 34 хувийг үлдээж бусад 64 хувийг Голд харбор ХХК[37] нэртэй хувийн компанид эзэмшүүлжээ. Түүний цаад эзэн, эцсийн өмчлөгчийг иргэний нийгмийн байгууллагууд удтал эрэн сурвалжилж бараг олж тогтоогоод байна. Гэхдээ хараахан эцэслээгүй.

Билэгт баялаг ХХК ба Фриендшип ресурсис ХХК гэдэг хоёр компанийн ард Эф Эм Ай ХХК[38], бас түүний ард Азийн эртний зулай[39] хэмээх үлгэр домгийн нэртэй компани байдаг. Дахиад цаанаас нь сүүлийн жилүүдэд сураг дуулдахгүй байсан Цагаан шонхор-ын гэгдэх Ч.Энхтайваны[40] нэр гарч ирлээ.

Юунаас эхлэлтэй, Ноён уултай холбоотой байсан эсэх нь нэрнээсээ мэдэгддэг Гацуурт ХХК[41] болон ГБНБ ХХК[42], Коулд голд монгол ХХК[43]-иудын эцсийн өмчлөгч нь өнөөдөр уул уурхайгаас бусад бизнесээрээ олны танил Лхагвын Чинбат, харин гүйцэтгэх захирал түүний эхнэр Намсрайн Наранчимэг ажээ. Тэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган аймагт алт олборлох олон тооны тусгай зөвшөөрөлтэй[44].

Говь-Алтай аймагт нүүрс олборлодог Гоби коул энд Энержи ХХК[45]-ийн удирдлагад Мархаажийн Чойдоржийн[46] нэр бичигджээ. Түүнийг телевизийн нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр гэвэл бүгд таних болно.

Олон улсын буухиа шуудангийн DHL компани хайгуул ба ашиглалтын хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэйг[47] эндээс мэдэж авах боломжтой. Хувьцаа эзэмшигчээр тус компанийн захирал Б.Одгэрэлийн охин Маралгоо[48] бүртгэгджээ. Хэдэн жилийн өмнө Шивээ-Овоогийн уурхайтай холбоотой асуудлаар бужигнуулж байсан Амалхааны Эрдэнэбат[49] гэдэг эр Хонконгийн хөрөнгө оруулалттай Нуклер Энержи Монголиа ХХК[50]-ийг эзэмшиж байна. Мөн хэрэг төвөгт орооцоолдон шуугиулсан Тэнгри группийн эзэн Хүрлээгийн Анхбаярын[51] мэдлийн компаниуд нэлээд олон тусгай зөвшөөрөл эзэмшсэн хэвээрээ[52]. Тэр дундаас сингапур хөрөнгө оруулагч компанийн нэр нь зориудаар будлиулах мэт – Rengri Resources.

Өмчлөлийн нэлээд нарийн түвэгтэй бүтэц бүхий компани бол Цайрт минерал ХХК. Хувьцааны 50 хувийг БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төсөл (БНХАУ) компани эзэмшдэг[53]. Харин нөгөө хагас нь ноогдож байгаа Металл-Импэкс ХХК[54]-ийн өмчлөгчдийн тухайд бага сага зөрүүтэй мэдээллүүд гарч ирдэг. Нэгтгээд үзвэл, хамгийн том хоёр өмчлөгч нь Дониддагвын Ганбат (барагцаалбал, 44.0 % орчим), нөгөө нь нь Майн Инфо-гийн гэгдэх, одоо Тус солюшн ХХК ба Үндэсний амьдралын даатгал ХХК-ийн захирал Дугарын Жаргалсайхан (24.0 – 30.0 %). Тэд бол Майнинфо-гийн угшилтай хүмүүс.  


Эх сурвалж:

[1] Авилгатай тэмцэх газар (2019) https://iaac.mn/files/6e396b8e-a4cd-41d6-8a42-535892425542/Zuvlumj%20ZG20190124.pdf

[2] Авилгатай тэмцэх газар (2019) https://iaac.mn/files/6e396b8e-a4cd-41d6-8a42-535892425542/Zuvlumj%20ZG20190124.pdf

[3] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://www.burtgel.gov.mn/index.php/2463-2019-12-27-05-42-36

[4] Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/1327 тоот тушаал, https://www.burtgel.gov.mn/images/news/2019/web/ub%2012%20tamgatai.pdf

[5] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5809797

[6] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2580462

[7] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2061848

[8] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2010933

[9] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5371244

[10] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2029278

[11] Европын сэргээн босголт, хөгжлийн банк: https://www.ebrd.com/work-with-us/projects/psd/senj-sant-debt.html

[12] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2063182

[13] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2587645

[14] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2065002

[15] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5412374

[16] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5660378

[17] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6267408

[18] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5199077

[19] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2654652

[20] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2095025

[21] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2070022

[22] http://bloombergtv.mn/ozd-capital-centerra-netherlands-centerra-gold-mongolia-компаниудыг-худалдан-авав/

[23] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2027615

[24] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5095549

[25] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5722942

[26] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2112868

[27] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2659603

[28] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2830213

[29] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5083265

[30] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5089263

[31] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2550245

[32] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5508053

[33] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5088909

[34] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5786827

[35] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/8232016

[36] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6141536

[37] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6135927

[38] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5294088

[39] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5209552

[40] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5070678

[41] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2054701

[42] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2615797

[43] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2571498

[44] Ашигт малтмал, газрын тосны газар: https://cmcs.mrpam.gov.mn/cmcs#

[45] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2862468

[46] Гобикоул энд энержи: http://www.gobicoal.com/?page=53

[47] Ашигт малтмал, газрын тосны газар: https://cmcs.mrpam.gov.mn/cmcs#c=License&a=Details&i=20984

[48] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2096102

[49] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5333814

[50] https://cmcs.mrpam.gov.mn/cmcs#c=License&a=Details&i=5359

[51] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5152542

[52] Ашигт малтмал, газрын тосны газар: https://cmcs.mrpam.gov.mn/cmcs#c=License&a=Details&i=18116

[53] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2548747

[54] Улсын бүртгэлийн ерөнхий газар: http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/2090511

Олборлох салбарын төрийн өмчит компаниуд: Хэн нь хэн бэ?

Нэг .

Уул уурхай тойрсон олон жилийн маргаан тэмцлийн дараа харахад Монгол Улс ашигт малтмалын том ордуудаа стратегийн хэмээн зарлах замаар аль болох төрийн мэдэлд байлгах, гадны хөрөнгө оруулагчидтай хамтарлаа ч ахиухан хувь эзэмших нь өнөөдөр төрийн албан ёсны бодлого төдийгүй дагаж мөрдөх хууль болжээ. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн ийм компаниуд дээр шинийг нэмж байгуулсаар байна. Улс төрчид тэдгээр компанийг даргалах, томилох, улмаар ашиг орлогыг нь хуваарилж түгээх үндсэн ажилтай боллоо. Мөнгөний бэлэн уурхайтай эрх баригчид Улсын Их Хурлын сүүлийн гурван удаагийн сонгууль бүрийн өмнө ээлжлэн хувь, хишиг тараав. Ард иргэд үүнд дасч, сонгууль дөхөхөөр хүлээдэг болсон байна.

Эрдэнэс Монгол ХХК бол манай уул уурхайн салбар дахь төрийн өмчийн аварга том эцэг компани бөгөөд хамгийн чухал орд газруудын тусгай зөвшөөрөл ба компаниудыг өөртөө хамлаа. Энэ жагсаалт нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтана гэгддэг Тавантолгойн нүүрсний ордын дийлэнхийг эзэмшдэг Эрдэнэс–Таван толгой ХК-иас эхэлж Оюутолгойн “гучин дөрвөн хувь” буюу Эрдэнэс Оюутолгой ХХК, араас нь Багануур ХК, Шивээ-Овоо ХК, Мон-Атом ХХК-иуд гэх мэтээр үргэлжилнэ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ба Монголросцветмет, түүний харъяа компаниуд Эрдэнэс Монгол ХХК-д хамаарахгүй ч бас л төрийн өмч.

Уг нь төрийн мэдлийн аливаа компани, түүний эзэмшдэг орд газрууд бол тэртээ тэргүй Монгол улсын бүх иргэдийн өмч. Гэтэл Эрдэнэс–Таван толгойн хувьцааны нэгээхэн хэсгийг нийт иргэдэд дахин хуваан эзэмшүүлсэн нь хамгийн багаар бодоход давхардсан хэрэг юм. Гэтэл 2011-2012 онуудад нийт хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн тус бүрт 1072 хувьцаагаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хүртэлх хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдахаар шийдвэрлэсэн билээ. Үүний цорын ганц зорилго бол тухайн мөчид эрх барьсан нам, улс төрчид “би, бид өгсөн, яг төдийг өгсөн” гэж тоо харуулаад сонгуулийн саналын хуудсан дээрх нэрээ дугуйлуулах явдал байв. Үүнээс хойш тохиосон хоёр удаагийн сонгуулийн өмнөхөн ногдол ашиг биш ч тэр хувьцааг зааж байгаад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгох, “Сайн хувьцаа” хөтөлбөр, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр яаж ийгээд амсуулжээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс-Таван толгой ХК-ийн хувьцааны 85 хувийг төр (үүнээс 20 хувийг Засгийн газар гадаадын хөрөнгийн биржэд арилжаалах зорилгоор тусгаарласан гэж ойлгогддог) эзэмшиж, 14.5 хувь нь Монгол улсын 2.5 сая иргэний, бас 0.5 хувь аж ахуйн нэгжүүдийн нэр дээр байгаа ажээ.

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс-Таван толгой ХК татвар, шимтгэл төлж ажлын байр бий болгосон ч Монгол Улсын төсөвт болон хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг үндсэндээ төлөхгүй явж ирсэн. Харин сүүлийн хэдэн жил дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөнөөр ихээхэн ашиг олж эхний ээлжинд урьд хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулжээ. 2019 онд зах зээлийн нөхцөл байдал бүр сайн байсны ачаар цэвэр ашиг нэг тэрбум ам доллар буюу 2,7 тэрбум төгрөгт хүрснийг мэдээлэв. Үүнийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж “Засгийн газраас чиглэл өгсний дагуу” гэсэн тайлбартайгаар хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг хуваарилах тухай зарлаад байна. (Ноднин 2018 оны ашгаас ногдол ашиг өгөх саналыг ТУЗ нь гаргасныг Засгийн газраас болиулж оронд нь Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлэхээр үүрэгдсэн). Одоо энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн батлах дутуу ч нэгэнт улс төрийн шийдвэр учраас асуудалгүй биз. Иргэдэд урьдчилсан тооцоогоор нийт 200 орчим тэрбум төгрөгийг олгоно. Ихэнхийг улсын төсөвт татаж зарцуулах  магадлал нэн өндөр. Олсон ашгаа ингэж тараахын оронд хожим илүү ашиг олох хөрөнгө оруулалтад зориулах, эсвэл хуримтлуулах нь зүйтэй тухай ганц нэг санал шүүмжлэл цухалзсан ч байгалийн баялгийн үр шимийг ард түмэндээ буюу жинхэнэ эздэд нь хүртээсэн төр засгийн “түүхэн шийдвэр”-ийг сайшаасан уур амьсгалд нам дарагдав.

Энэ удаад ногдол ашиг тараахыг сонгуулийн жилийн улс төр хэмээн эвлэрэхээс өөр аргагүй ч сүүлийн саруудын төстэй үйл явдлуудыг том зургаар харвал эрх баригчдын дураараа дургих нь хэр хэмжээнээс хэтэрч байгаа нь илт. Оны өмнөхөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэрээр хуралдаад “зөвлөмж” гаргасны дагуу УИХ яаралтай хэлэлцэж ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлээс 6 сая хүртэлх төгрөгийг тэглэх, бас зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгоно гэсэн заалттай хуулийг шууд баталсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд гарын дор байгаа “Эрдэнэс Монгол” компаниар “Эрдэнэс бонд” гаргуулж арилжааны банкинд өгч тэтгэврийн зээлийн тэр хэсгийг чөлөөлүүлжээ. Тэр бондын баталгааг бас л төрийн мэдлийн Хөгжлийн банкаар гаргуулж цаашдаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бас нэг охин компани болох “Эрдэнэс Силвер ресурс” ХХК (ноднин дахиад шинээр байгуулжээ)-д ноднин эзэмшүүлсэн Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулсны орлогоос төрд ногдох өгөөжөөр барьцааллаа. Нэг үгээр хэлбэл, одоо байхгүй ирээдүйн орлогыг дахиад хэдэн зуун тэрбумаар нь нэмж тараалаа.

Тэгвэл Монгол Улсын гадаад өр 30 тэрбум долларт (80 гаруй их наяд төгрөг үү?) хүрч, үүнээс Засгийн газрын өр 7 тэрбум долларыг давсан, 2021 оноос Мазаалай, араас нь Чингэс, Гэрэгэ, Хуралдай бондуудыг төлж эхлэх, зөвхөн 2021-2024 онуудад гэхэд 14 тэрбумын өр төлөх хуваарьтай байхад өнөөдөр ингээд цацаж л байг уу? Одоо л зөв ажиллуулна гэж амалсан Ирээдүйн өв санд ногдол ашгаасаа ахиухан хуримтлуулахгүй юу?

Төрийн өмчийн хувьцааг давхар эзэмшүүлэх, хөрөнгө оруулаагүй хүмүүст ногдол ашиг тараах, тэтгэврийн зээл тэглэх зэрэг шийдвэрүүд бодлогын хувьд маш буруу гэдгийг ямар ч эдийн засагч хэлдэг. Хэрвээ Халтмаагийн Баттулга 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд иргэдийн зээлийг тэглэнэ гэж дуугараагүй бол ийм юм болохгүй байсан. Ердөө л нэг хүний амбиц, хувийн ашиг сонирхол энэ бүхний эхлэлийг тавьжээ. Яг үнэндээ Таван толгойгоос ногдол ашиг тараах байтугай ерөөсөө хүн бүрт 1072 хувьцаа олгохыг иргэд, олон нийтийн зүгээс учир зүггүй шаардсан явдалгүй. Улс төрчид сонгуулийн өмнө иймэрхүү санаа гаргаад уралддаг, өрсөлдөгчид нь хоцрохгүй гээд дагаж давхидаг, ингээд бүх нийтээрээ ингэж болдог, одоо бүр тэгэх ёстой юм шиг хүлээн зөвшөөрчээ. Энэ бол улс төрчдийн холион бантан, харин гай буюу тэдний аз таарч тэд мөнгөний уурхайтай болчихсон байлаа.

Хоёр.

Төрийн өмчийн, тэр тусмаа олборлох салбарын компанийн эцсийн өмчлөгчид нь Монгол Улсын нийт иргэд. Энэ утгаараа бүгд тэгш эрхтэй. Гэхдээ илүү тэгш эрхтэй хэсэг хүмүүс байна. Тэд бол тухайн компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд юм. Бас ажиллагсдыг хэлж болно.

Саяхан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны үр дүнгийн урамшуулалд компанийн дундаж цалин болох 2 490 000 төгрөгөөр тооцож  дөрвөн сарын буюу 9 960 000 төгрөгийн урамшууллыг олгосон байна. Бас бүгдэд 13 дахь сарын цалин болгож нэг сарын үндсэн цалинг дансанд нь шилжүүлэн хачирлажээ. Мөн 21 удирдах албан албан тушаалтан, долоон захирал (гүйцэтгэх захирал, тэргүүн дэд ба таван дэд захирал) бүрт илүү урамшуулал олгосон сураг дуулдсан ч худлаа бололтой.

2019 онд “Эрдэнэс-Таван толгой” өндөр ашигтай ажилласан нь компанийн удирдлага болон ажиллагсдын хичээл зүтгэлээс илүүтэйгээр зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байсны үр дүн гэж өөрсдөө ч хэлдэг. Компанид ажиллаж буйн хувьд хөлс хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлс, бас шагнал урамшуулал авах нь зүйн хэрэг боловч дээрх тоонуудыг харахад, арай хэтрээд байна уу гэж асуухад хүрнэ. Энд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон дүрэм журам байдаг уу? Эсвэл Төлөөлөн удирдах зөвлөл өгөөмөр загнаад шийдвэрлэсэн үү?  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрсдийнх нь урамшууллын талаар мэдээлэл алга. Хоосон хоцроогүй болов уу? Оюутолгойн гэрээн дундаас ил гарч маргаан дэгдээдэг менежментийн төлбөр гэгчээр төсөөлөхөд энэ бол хаа газрын жишиг бололтой.

Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Тавантолгойн сүр дуулианд дарагдаад байгаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр бол хамгийн өндөр ашиг орлоготойгоос гадна хамгийн их зардал, үүнийг дагаад тэр түвшний цалин хангамж, урамшуулал, дэмжлэг, тэтгэлэгтэй явж ирсэн. Сүүлийн жилүүдэд оросууд буцаж, 49 хувь нь Худалдаа хөгжлийн банкинд очиж, тэгснээ 100 хувь төрийн мэдэлд ирсэн гээд аль ч цаг үед чих дэлдийлгэм үрэлгэн зарцуулалтууд “хэвийн” үргэлжилсээр байгааг сүүлийн үеийн баримт мэдээллүүд нотлон харуулсаар байна. Захирлуудын цалин хангамж, урамшууллын хэмжээ олон сая биш, олон арав биш, олон зуун саяар тоологддог хэвээрээ. Үйлдвэрээсээ авдаг, үнийг нь төлүүлдэг байр сууц, унаа машин хамгийн үнэтэй нь. Удирдлагаас гадна нийт ажилтан, ажилчдын тэртээ тэргүй өндөр цалин сүүлийн гурван жилд бараг тэн хагасаар нэмэгджээ.

Ингээд бодоход төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эдгээр компанийн ашиг хүртэгчид нь хуулиараа эцсийн өмчлөгчид болох Монгол Улсын нийт иргэдээс өмнө тэндхийн дарга удирдлага, бас ажиллагсад уу?

Гурав.

Төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл гэж нэрс нь дуулдахаас цаашгүй хагас хаалттай хэсэг хүмүүс үеийн үед байсан, одоо ч байна. Тэд ихэнхдээ төрийн төлөөлөл учраас яам, тамгын газрын дарга, удирдах албан тушаалтнууд байж ээлжлэн томилогддог. Үүнийгээ зарлах дургүй бөгөөд өөрсдийгөө танилцуулж сурталчлахдаа бараг дурддаггүй. Бас багагүй урамшуулал авдаг дуулддаг ч тоо хэмжээ нь маш нууц.

2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ОХУ-ын талд байсан 49 хувийг манай Худалдаа, хөгжлийн банк ямар нэгэн аргаар худалдаж авсныг 2017 онд төрийн мэдэлд хураан авсан билээ. Үүний дараа тус банкны төлөөлөл Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар гурвыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргаж орны хүмүүсийг томилсноор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, ТӨБЗГ-ийн дэд дарга А.Дагвадорж гэсэн бүрэлдэхүүнтэй болжээ. Энэ бол 2018 оны мэдээлэл. Харин одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр байтугай бүтэц, бүрэлдэхүүний мэдээлэл хаана ч алга.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын албан ёсны сайтын “ТУЗ-ийн гишүүд- удирдлага” гэсэн цэсний цаана хов хоосон. Өөр эх сурвалжийн мэдээллээр 2018 онд ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В. Дарханбаатар, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал (ТУЗ-ийн дарга), Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтуул, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга З.Энхболд нарын гишүүнтэй байжээ. Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат ядахдаа мэндчилгээ дэвшүүлээгүй ч нэгэн мэдээнд нэр, зураг хоёр гарч ирсэн нь сайн хэрэг.

Аливаа төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүд байх ёстой гэж ойлгогддог ч дээрх хоёр компанид алга.

Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ын удирдлагын нэрсийг компанийн сайтад жагсаажээ. 2020 оны 2-р сарын байдлаар Засгийн газрын ХЭГ-ийн тэргүүн дэд дарга Б.Ганбат (ТУЗ-ийн дарга) Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун, СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, Засгийн газрын ХЭГ-ийн Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар төрийг төлөөлдөг ажээ. Харин хараат бус гурван гишүүний нэр бичигдсэн байгаа нь Д.Энхжаргал, Б.Амарсанаа, Д.Нацагдорж нар юм. Даанч ТУЗ-ийн даргын намтар цээж зурагтайгаа тавигдсан хэрнээ бусад гишүүдийн ажил албан тушаалаас өөр мэдээлэл байхгүй, хараат бус гурван гишүүний үндсэн ажил, албыг ч бичилгүй “мартжээ”.

Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нэр, ажил, албан тушаал, ТУЗ дахь чиг үүргийг сайтдаа оруулсан байна. Төрийн төлөөлөл нь Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан (ТУЗ-ийн дарга), УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Засгийн газрын ХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, С.Наранцогт, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар юм.

Хараат бус дөрвөн гишүүн нь Монголын Хуульчдын Холбооны тамгын газрын дарга Ц.Ганболд, МоЭнКо ХХК-ийн төслийн инженер П.Өлзийнаран, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн Р.Бурмаа, “Дорнод газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Болор-Эрдэнэ нар юм. Энэ хүмүүсийн гэрэл зураг, бас намтар алга. Лав гурав нь гарцаагүй улс төрийн зөвшилцлөөр томилогджээ. УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг бүгд мэднэ. П.Өлзийнарангийн тухайд МАН-ын гишүүдийн Цэгцрэх хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, бас МоЭнКо компанний төслийн менежерээр ажилладаг гэнэ. Сонирхлын зөрчилтэй гэсэн үг үү? Харин Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү бөгөөд хэд хэдэн бизнес эрхэлдэг Дорнод аймгаас ирж хуралдаа оролцдог бололтой. Үүнээс гадна дэргэдээ өөр хаана ч байхгүй олон нийтийн зөвлөлтэй. Гишүүд нь Н.Онон, Э.Бадар-Ууган, Г.Ундрал, Г.Золжаргал, Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, М.Батбилэг, Р.Сэргэлэн, Д.Билгүүн, Ц.Ширэндэв, Б.Зандраа, Ү.Хүрэлбаатар гээд урлаг соёл, спорт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зүтгэлтнүүд. Тэд хоёр жилийн өмнө бөөн шалгаруулалт болж сүр дуулиантай сонгогдсоноос хойш сураг тасарчээ. Харин цалин урамшуулал авдаггүй гэж дуулдсан.

Багануур ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Эрдэнэс Монгол ХХК-ийн захиргаа хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар (ТУЗ-ийн дарга), УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Эрдэнэс Монгол ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд, Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан  нараас гадна Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав , Ц.Сүхбаатар (бизнес эрхлэгч), Ургах наран ТББ-ийн тэргүүн Х.Гэрэлт-Од, Монгол эрмэлзэл ТББ-ийн тэргүүн Б.Очбадрах нарын хараат бус дөрвөн гишүүн ордгийг компанийн албан ёсны сайтад жагсаажээ. Гэхдээ Б.Осоргаравыг эс тооцвол хараат бус гишүүдийн тухай тодорхой мэдээлэл олдсонгүй.

Шивээ овоо ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн талаархи мэдээлэл олдохгүй, албан ёсны сайт нь ажиллахгүй байна. Зөвхөн ОҮИТБС-ийн 2018 оны тайланд Эрдэнэс Монгол ХХК-ийн стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга асанЛ.Болдхүү, Засгийн газрын ХЭГ-ийн зохион байгуулалтын газрын дарга Д.Ганболд, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, УУХҮЯ-ны Эдийн засаг, хөрөнгө оруулалтын судалгааны хэлтсийн дарга Д.Дамба нар төрийг, бусад хувьцаа эзэмшигчдийг БиДиСек ҮЦК ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн  төлөөлж, харин өмгөөлөгч Г.Атармаа, өндөр настны тэтгэвэрт суугаа дулааны инженер мэргэжилтэй Л.Цэцгээ, Монгол Ураниум Ресурс ХХК-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий менежер Ц.Амартүвшин гурав хараат бус гурван гишүүн гэжээ. Энэ бол 2019 оноос өмнөх мэдээлэл. Түүнээс хойш ямар өөрчлөлт гарсныг мэдэхгүй.

Шарын гол ХК-ийн албан ёсны сайтад ТУЗ-ийн нэрсийг товч намтартайгаар байршуулсан боловч ямар нэгэн огноогүй бөгөөд Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачлагын тайлантай зөрж байгаа учраас яг хэлэх боломжгүй.

Дээр дурдсанаас гадна төрийн өмчит ба төрийн өмчийн оролцоотой бусад том жижиг олон компани, төрийн өмчит үйлдвэрийн газар бий. Гэтэл тэдгээрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тухай бүрэн дүүрэн мэдээлэл хаана ч алга. Ялангуяа шинэ томилгоо, чөлөөлөлтийг огт мэдээлдэггүй. Төрийн өмчийн бодлого, төлөвлөлтийн газар ч Төлөөлөн удирдах зөвлөлүүдийг огт танилцуулдаггүй, ил тод болгохгүй байна.

Уул уурхайн салбар дахь төрийн мэдлийн компаниудын хэн нь хэн бэ гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл тэд зөвхөн өөрсдийн алба хашдаг яам, агентлагыг төдий бус төрийг, түүний цаана баялгийн эцсийн өмчлөгч болсон нийт иргэдийг төлөөлдөг учраас. Энэ бол тэднээс хариуцлага нэхэх тухай асуудал. Үүний хамгийн эхний алхам бол ил тод, нээлттэй байх явдал. Гэтэл бараг бүгд таг чиг. Тэр тусмаа бөөн сонгон шалгаруулалтыг давж төлөөлөн удирдах зөвлөлд олон нийтийн өмнөөс орж суусан хараат бус гишүүд бүр сураггүй байна.

Дөрөв.

Баялгийн эзэддээ хамгийн ойр бөгөөд нэг хэсэг нь тусгайлан эзэмшдэг уул уурхайн компанийн сонгодог жишээ бол Тавантолгой ХК юм. Бүр социализмын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт нүүрсний жижигхэн уурхай ажиллаж эхэлсэн нь Тавантолгойн асар том орд газрын бараг голд нь байж таарсан. 1990-ээд онд түүнийг хувьчилж 51 хувийг Өмнөговь аймгийн өмчид өгч, үлдсэнийг тус аймгийн иргэдэд тараажээ. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрөхөд өнөөдөр орон нутгийн өмчийн хувь хэмжээ хэвээрээ, харин 49 хувь нь ихээхэн төвлөрч 2019 оны байдлаар Ажнай корпораци ХХК 19,69 хувь, Шандас импекс ХХК 16,71 хувийг тус тус эзэмшдэг болжээ. Үлдсэн 12 орчим хувь нь эсрэгээрээ тарж дэлхийн 23 орны 2000 орчим хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшилд очсон байна.

Одоо цэгцтэй тайлагнасан тоо байхгүй ч зарим жил 4 сая хүртэл тонн нүүрс олборлож, жилдээ зуу гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг, үүнээс хэдэн арван тэрбумын цэвэр ашиг олдог тус компаниас чухам хэн хичнээн ашиг хүртэж байгаа нь эзэмшлийн хувь хэмжээнээс хамаарах нь мэдээж. Ногдол ашгийн 51 хувь нь Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний төлөөлдөг 65 мянган иргэнд аймгийн төсвөөр дамжиж очно. Үүнээс гадна үе үе янз бүрийн хувь хишиг хүртээдэг. Тухайлбал, арваад жилийн өмнө аймгийнхаа иргэн бүрт 500 мянган төгрөгийг “Нутгийн хишиг” нэрээр тараасан удаатай. Ноднин гэхэд өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй өгчээ.

Ажнай корпораци ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг бол Шандас импекс ХХК-ийн лав 75 хувиас дээш хувь нь манай сэтгүүлчдийн эрэн сурвалжилж тогтоосноор С.Мөнхжаргалынх юм. Тэднийг нутгийн иргэдийн хувьцааг зөв буруу аргаар цуглуулсан гэж шүүмжилдэг ч өнөөдөр хувь хүнээрээ бол хоёр том ногдол ашиг хүртэгчид хэвээр байна. Хамгийн гол нь тэд тухайн жил хэр ногдол ашиг хуваарилах болон бусад шийдвэрт шууд нөлөөлч чаддаг хүмүүс юм.

Учир нь Өмнөговь аймагт орон нутгийн сонгуулиар аль нам Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болсноос Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн хамаарч иржээ. Хоёр жишээ авья.

2008 онд Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсны дараах Засаг даргын орон тооны бус зөвлөх Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч А.Идэрцог, ИТХ-ын төлөөлөгч А.Жаргалсайхан, Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх, ИТХ-ын төлөөлөгч С.Сумъяа, Ажнай корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, Ээрмэл ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал, Ээрмэл ХК-ийн ажлын албаны дарга О.Оюунбат нарын есөн хун ТУЗ-ийн бүрэлдэхүүнд оржээ. Тэднийг ажил, албан тушаал, намтраар нь хөөж үзвэл, долоо нь хувьцааны цөөнх буюу 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл, эсвэл хамааралтай хүмүүс байжээ. Хамгийн сонирхолтой нь Ажнайн гэгдэх Д.Бат-Эрдэнэ цөөнх хувьцааг эзэмшдэг хэрнээ Засаг даргын зөвлөх нэрээр Өмнөговь аймгийн 51 хувийг давхар төлөөлөн ТУЗ-д ороод зогсохгүй даргаар сонгогдсон түүх үлджээ.

Тэгвэл 2016 онд байгуулагдсан Тавантолгой ХК-ийн ТУЗ нь хувьцааны эзэмшлийн хувь хэмжээнд үндсэндээ тохирсон харьцаатай болжээ. Аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр (ТУЗ-ийн дарга), ИТХ-ын төлөөлөгч, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, ИТХ-ын төлөөлөгч, Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар, ИТХ-ын төлөөлөгч Д.Батзориг, ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат нар сонгуульд ялсан МАН-ын төлөөлөл бол Ажнай корпораци ба Шандас импекс тус бүр хоёр төлөөллөө оруулсан юм. Гэхдээ нэг асуудал дээр тэд олонхи цөөнх, намын харъяалал энэ тэрийг огоорон бусдаас “илүү тэгш эрх”-тэйгээр өөрсөддөө хувь хүртээж байгааг 2017 оны үр дүнгийн урамшууллаар ТУЗ-ийн есөн гишүүн тус бүр 125 сая төгрөг буюу нийт 1,125 тэрбум төгрөг авсан хэрнээ уурхайн 117 ажилчин тус бүрт 2,1 сая, нийлээд 250 сая төгрөг олгосон тухай дуулиан харуулж байна.

Тав.

Чухам ийм учраас халаасандаа уул уурхай хэмээх мөнгөний уурхайтай байх хүсэл орон нутгийн эрх баригчдад халдварласан бололтой. Цаагуураа ямар яриа хөөрөө явсныг бүү мэд, 2017 оны эхээр Уул уурхайн сайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” хэмээн нэмсэн билээ.

Ингээд аймгууд уул уурхайн компанитай болох давалгаа эхлэв. Хэд хэдэн аймаг орон нутгийн өмчтэй компанийг яаралтай байгуулж дээрхи журмын дагуу хязгаарлагдмал буюу хаалттай шахам тендерээр эхний ээлжинд арав шахам талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авч амжсан. Урьд нь аймаг, сумдын удирдлага дэл сул газар нутгаа компаниудаас харамлаж тусгай хамгаалалтад авсан байсан бол энэ удаад шуурхай чөлөөлсөн байна. Орон нутгийн өмчийн компани байх учраас иргэд нь талархан дэмжсэн гэж бодмоор. Гэвч тэгсэнгүй. Аймаг, сумын удирдлага төсөв мөнгийг хэрхэн захиран зарцуулдгийг мэдэх учраас, бас байгаль орчин, нутаг бэлчээрээ авч үлдэх гэсэн үүднээс малчид, тэднийг дэмжсэн төрийн бус байгууллагууд заргалдаж байж дээрх журмыг цуцлуулж, дөнгөж эхэлсэн тэр давалгааг зогсоов. Гэвч нэгэн байгуулсан компани, нэгэнт олгосон тусгай зөвшөөрлүүд хэвээр үлджээ.

Орон нутгийн нэрээр гарч ирсэн эдгээр компани бүгд ямар нэгэн хэлбэрээр бусадтай хамтарсан, өөрөөр хэлбэл цаана нь хувийн компаниуд байж таарав.

Сэлэнгэ байгалийн нөөц ХХК нэрнээсээ хаанахын гэдэг нь танигдана. Аймгийнхаа Баянгол сумын нутаг дахь Чулуут хэмээх газрын алтны ордод хайгуулын тусгай зөвшөөрөл авсныгаа одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Бас Орхон сумын нутагт авсан хайгуулын тусгай зөвшөөрөл нь ээлжээ хүлээн нам гүм байна. Тус компани 2017 онд яг ямар эзэмшилтэйгээр байгуулагдсан нь тодорхойгүй (хуулийн этгээдийн улсын бүртгэлд түүх үлддэггүй), харин 2019 оны 6-р сард шинэчилсэн бүртгэснээр Сэлэнгэ баялаг ирээдүй ХХК, Баянгол хөгжлийн гүүр ХХК, Сэргээгдэх байгалийн нөөц ХХК, бас иргэн Батбаярын Чөдөр-Эрдэнэ гэсэн дөрвөн хувьцаа эзэмшигчтэй болжээ. Жинхэнэ эзэн нь байх учиртай Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Сэлэнгэ баялаг ирээдүй ХХК-ийн цаанас гарч ирлээ. Тэгвэл Баянгол хөгжлийн гүүр ХХК-ийн цаана тус аймгийн Баянгол сумын ИТХ байна. Газар нутгаасаа өгсөн учраас хувь орсон хэрэг. Сэргээгдэх байгалийн нөөц ХХК хэмээсэн эко нэртэй компанийн цаана Чойдоржийн Энхбаатар байна. Харин Чөдөр-Эрдэнэ хувь хүнийхээ хувьд аймагтайгаа түншилсэн нь сонин.

Аймаг төдийгүй сум өөрөө уул уурхайн бизнес эрхлэхийг хүссэн байна. Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тусдаа компани байгуулж дээрх журмын дагуу өөрийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь “Баян хишиг хараа” ХХК юм. Гэхдээ дангаараа биш, Кристал Топ Майн Групп ХХК хэмээх хувийн компанитай хамтарчээ.

Орон нутаг компанитай болох нэг хэрэг. Түүнийгээ офшор маягийн үл танигдах нэр, эзэмшлийн бүтэцтэйгээр байгуулсан нь анхаарал татлаа. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Степ Вест ХХК-тай хамтран “Корунд гео” ХХК-ийг байгуулж Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эзэмшиж байна. Харин Степ Вест ХХК-ийн эзэмшигчээр Канадад бүртгэлтэй Steppe Gold Limited гэж бичигдсэн байна. Баянхонгор-Канадын уул уурхайн түншлэл содон харагдана. Нутгийн юм олдоогүй юм болов уу?

Дорноговь аймгийн уул уурхайн компанийн нэр дутахааргүй нууцлаг– Аттика констракшн ХХК. Хувьцаа эзэмшигчид нь Дагвын Буянбадрах гэдэг хувь хүн, аймгийн өмчтэй Дорноговь байгалийн баялаг ОНӨААТҮ хоёр юм. Эзэмшигч нь Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Тэгснээ Хатанбулаг сумын нутаг дахь Эргэл-Халивийн өргөтгөл хэмээх газарт авсан хайгуулын тусгай зөвшөөрлөө Вольф ресурс ХХК нэртэй компанид шилжүүлж, тэр нь өнөөдөр дэвшээд ашиглалтын болсон байна. Харин Вольф ресурс ХХК-ийн цаана хэн байгааг үзвэл ард нь Дорноговь байгалийн баялаг ХХК, гэхдээ дангаараа биш Хишигдоржийн Батхишиг, Чулуунбаатарын Болдсүх гэсэн хоёр хүн гарч ирлээ. Тэд дахиад нэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Тал талаасаа эрх мэдэл, тусгай зөвшөөрөл, хөрөнгө мөнгөөрөө нийлсэн бололтой.

Дорноговийн өмчтэй дараачийн нөхөрсөг компани бол Фрэндли майнинг консалтинг ХХК. Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Хувьцаа эзэмшигчид нь Дорноговь Байгалийн Баялаг ОНӨААТҮГ өөрөө, бас иргэн Гомбын Батмөнх.

Төв аймгийн өмчтэй Эрдэнэсийн эрэг ХХК-ийн жишээ сүүлийн 2-3 жилийн турш ихээхэн шуугиулсан билээ. Заамар сумын нутагт хоёр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсны нэгийг нутгийн малчид эсэргүүцэж тэмцээд хураалгасан ч нөгөө нь үлдсэн.  Хувьцаа эзэмшигчид: Төв Эрдэнэс ОНӨААТҮГ (Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал) – 34 %, Голд харбор ХХК- 64 % юм.

Энэ бол орон нутгийн эзэмшлийн хувь хэмжээ тодорхой болсон цорын ганц тохиолдол. Бусад компаниудад тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хичнээн хувьтайг огт зарлаагүй. Эрдэнэсийн эрэг ХХК-ийн жишээнээс харахад орон нутгийн эзэмшил гуравны нэг, энэ утгаараа ашиг хүртэгч жинхэнэ эзэд нь аймгийн иргэдээс илүүтэйгээр хувийн компани юм. Орон нутгийн нэрийг ашиглаж тусгай зөвшөөрөл аваад орон нутагт багахан хувийг үлдээсэн гэж ойлгогдож байна. Ер нь орон нутаг өмчөө мэдээд тусгай зөвшөөрлөө бүрэн эзэмшээд оператор компани хөлслөөд хайгуул, олборлолт явуулахад хөрөнгө санхүүжилт хэрэгтэй, гагцхүү тэр нь орон нутагт байхгүй учраас хувийн компанитай, бүр хувь хүмүүстэй хамтрахаас өөр аргагүйд хүрдэг гэж ойлгож болох юм. Гэхдээ орон нутаг төрийг дууриаж уул уурхайд хувь эзэмших ёстой юу, ерөөсөө ийм компани байгуулах нь зөв үү, аймаг, сум бүр баялгаа өмчилж “тусгаар тогтноод” эхэлбэл юу болох вэ гэсэн гэсэн асуултанд хариулт хэрэгтэй. 

2020.01.20. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны үр дүнгийн урамшуулалд 9.9 сая төгрөг олгох болжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв Санааны нэгдэл” ҮЭ-ээс тус компанийн захиргаатай ярилцлага хийж “Хамтын гэрээ”-ний 3.2.1-д заасны дагуу тус компанийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны ажлын үр дүнгийн урамшуулалд ажилтан, ажилчин тус бүрт компанийн дундаж цалин болох 2 490 000 төгрөгөөр тооцож нийт 4 сарын буюу 9 960 000 төгрөгийн урамшууллыг 2020 оны нэгдүгээр сард багтаан олгох болжээ. Тэрчлэн 2020 оны нэгдүгээр сараас бүх ажилтан, ажилчдын цалинг 20 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ.

Түүнээс гадна бүх ажилтан, ажилчиддаа 2019 оны 13 дахь сарын цалин болгож 1 сарын үндсэн цалинг 2019 ондоо багтааж дансанд нь шилжүүлэх болсон байна.

2019.12.27. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт (УБ-12)-ыг зарлав

Улсын Их хурлаас 2019 оны 3-р сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 1-р сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг дараах маягтын дагуу бүртгэх болсныг Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарлав.

2019.12. “Эко Алтан заамар” ХХК оноосон нэрээ өөрчилж “Бүрдэл майнинг” болгосноо зарлав

Төв аймгийн Заамар суманд алт олборлодог “Эко Алтан Заамар” ХХК саяхан нэрээ өөрчилж “Бүрдэл майнинг” ХХК болсноо зарлав.

Одоогоор Улсын бүртгэлийн мэдээллийн санд дээрх өөрчлөлтийг тусгаагүй байна

Уул уурхайн технологийн алдаа гарснаас энэ оны гуравдугаар сард компанийн олборлолтын талбайд нуралт болж 4 хүн, арван хоёрдугаар сард техникийн ослоос нэг хүн нас барсны улмаас компанийн нэр хүнд унаж, бүр үйл ажиллагааг нь зогсоож магадгүй гэж байсан ч тэгээгүй билээ. Ийм нөхцөлд компанийн нэрийг өөрчилсөн нь олон нийтийн өмнө эерэг харагдах оролдлого гэж ойлгогдож байгаа юм.