2020.01.20. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны үр дүнгийн урамшуулалд 9.9 сая төгрөг олгох болжээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв Санааны нэгдэл” ҮЭ-ээс тус компанийн захиргаатай ярилцлага хийж “Хамтын гэрээ”-ний 3.2.1-д заасны дагуу тус компанийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны ажлын үр дүнгийн урамшуулалд ажилтан, ажилчин тус бүрт компанийн дундаж цалин болох 2 490 000 төгрөгөөр тооцож нийт 4 сарын буюу 9 960 000 төгрөгийн урамшууллыг 2020 оны нэгдүгээр сард багтаан олгох болжээ. Тэрчлэн 2020 оны нэгдүгээр сараас бүх ажилтан, ажилчдын цалинг 20 хувиар нэмэх тохиролцоонд хүрчээ.

Түүнээс гадна бүх ажилтан, ажилчиддаа 2019 оны 13 дахь сарын цалин болгож 1 сарын үндсэн цалинг 2019 ондоо багтааж дансанд нь шилжүүлэх болсон байна.

2018.03.01. Шүүхээс “Эрдэнэс Таван Толгой” компанийг дүрмээ өөрчилж, ТУЗ-өө хуулийн дагуу байгуулах шийдвэр гаргажээ

Б.Учрал, Ikon.mn

Иргэн Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар “Эрдэнэс Таван Толгой” компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотой шүүхэд гомдол гаргажээ. Шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр тэд мэдээлэл өглөө.

Хуульч Б.Баяр “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 1 дүгээр сарын 31-нд гарсан. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг төлөөлөөд нэхэмжлэл гаргасан. 2012 онд Засгийн газрын 181 дүгээр тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд ард түмэнд хувьцаа эзэмшүүлсэн нь саналын эрхгүй, Засгийн газар л захиран зарцуулах эрхтэй байхаар заагдсан байдаг. Анх 2010 онд байгуулагдсан компани тухайн үеийнхээ дүрмээ шинэчилж бүртгүүлээгүй асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан юм.

Эхний шаардлагыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.

Харин нэхэмжлэлийн 3 дугаар шаардлага буюу компани дүрмээ шинэчлэхийг шүүх хүлээн авч, Компанийн тухай хууль, түүний хэм хэмжээнд нийцүүлэн дүрмээ шинэчлэх шийдвэрийг гаргалаа. Нэгэнт компанийн дүрмийг шинэчлэх үүрэг шүүхээс даалгасан учраас бид давж заалдахгүйгээр компани үүргээ биелүүлэхийг харъя гэсэн бодолтой байна. Дүрмээ сайжруулснаар засаглал сайжирч, ТУЗ-өө шинэчлэх боломж гарна гэж харж байгаа” гэв.

“ЭТТ КОМПАНИА ЭРДЭНЭТИЙН АРААС ТАВИАД ТУУЧИХГҮЙН ТУЛД ОДООНООС ИРГЭДИЙН ХЯНАЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙНА”

Л.Наранбаатар “Бүтэн жил хагасын хугацаанд хуулийн хүрээнд уйгагүй тэмцэж байгаадаа баяртай байна. Энэ нь асар том эргэлтийг бидэнд авчирна. ЭТТ компанийг ногдол ашиг өгөхийг бид хүлээж байна. Гэвч засаглал нь ойлгомжгүй, өр төлбөр ихтэй. ТУЗ-ийн хараат бус гурван гишүүн нь томилгоогүй ажиллаж байсан гэдэг ноцтой мэдээлэл бий. Энэ бүх завхрал нь ямар түвшинд аваачдагийг Эрдэнэтийн жишээнээс харж болно.

ЭТТ компаниа Эрдэнэтийн араас тавиад туучихгүйн тулд одооноос иргэдийн хяналт тавих хэрэгтэй болж байна.

2017 оны 4 дүгээр сарын 22-нд хувьцаа эзэмшигчдийн хурал дээр саналын эрхтэй оролцуулах хөдөлгөөн өрнүүлж байсан. ЭТТ компани хуучин ХХК байсан дүрмээрээ явж байна. Шүүхээс энэ компанийг ХК-ийн дүрмээр явж, ТУЗ-өө хуулийн дагуу бүрдүүлэх шийдвэр гаргалаа.

ЭТТ компани хүсвэл 14 хоногийн хугацаанд давж заалдах эрхтэй. Гэхдээ ард түмнийхээ эсрэг үйлдэл хийхгүй байх гэж найдаж байна.

Шүүхээс энэ шийдвэр гарснаар 2 сая гаруй хувьцаа эзэмшигч албан ёсоор бүртгэгдэж иргэд хяналтаа тавих эрхтэй боллоо. Бид урагшаа нэг алхчихлаа. Бүгдээрээ хамтраад 4 дүгээр сарын 1-ний өдөр болох тайлангийн хурал дээр хувьцаа эзэмшигчид хяналтаа тавих боломжийг бий болгоё.

Одоо энэ компани түүхий нүүрсээ хямдхан зараад байна. Цаашид 1,072 хувьцааг үнэ цэнэтэй болгох, болж өгвөл богино хугацаанд ногдол ашиг өгүүлэх тал дээр хамтран ажиллахэд бэлэн байна” гэв.

Ч.Ганхуяг “Монгол Шуудангийн 34 хувийг хувийн хэвшил эзэмшихээр тухайн компани ашигтай ажиллаж, ногдол ашиг хуваарилж байна.

ЭТТ компани дээр бидний эзэмшиж байгаа 1,072 хувьцааг үнэтэй болгох, шахааны бизнес хийдэг үгүйд гэрэл тусгах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах бололцоог ойрын хугацаанд хийх асуудлыг судалж байгаад бид ТУЗ-ийн хурал дээр орж, ард иргэдийн хараа хяналт дор, нээлттэй ажиллах боломжууд бүрдэх эхлэл тавигдлаа.

Заавал шүүхээр биш ширээ тойрч сууж байгаад Монгол Улсад хэрэгтэй байх талаас нь ажиллая гэж уриалж байна” гэв.

2018.03.01. “Эрдэнэс Таван Толгой”-н ТУЗ-ийн хараат бус гурван гишүүн нь томилгоогүй ажиллаж байсан уу?

“Эрдэнэс Таван Толгой” компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргасан талаараа Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар өмнө нь мэдээлэл хийж байсан. Тэгвэл шүүхийн шийдвэр гарсан байна.

Хуульч Б.Баяр “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 1 дүгээр сарын 31-нд гарсан. Бид хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг төлөөлөөд нэхэмжлэл гаргасан. 2012 онд Засгийн газрын 181 дүгээр тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд ард түмэнд хувьцаа эзэмшүүлсэн нь саналын эрхгүй, Засгийн газар л захиран зарцуулах эрхтэй байхаар заагдсан байдаг.  Анх 2010 онд байгуулагдсан компани тухайн үеийнхээ дүрмээ шинэчилж бүртгүүлээгүй асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Эхний шаардлагыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Харин нэхэмжлэлийн 3 дугаар шаардлага буюу компани дүрмээ шинэчлэхийг шүүх хүлээн авч, Компанийн тухай хууль, түүний хэм хэмжээнд нийцүүлэн дүрмээ шинэчлэх шийдвэрийг гаргалаа. Нэгэнт компанийн дүрмийг шинэчлэх үүрэг шүүхээс даалгасан учраас бид давж заалдахгүйгээр компани үүргээ биелүүлэхийг харъя гэсэн бодолтой байна. Дүрмээ сайжруулснаар засаглал сайжирч, ТУЗ-өө шинэчлэх боломж гарна гэж харж байгаа” гэв.

Харин Л.Наранбаатар “ ЭТТ компанийг ногдол ашиг өгөхийг бид хүлээж байна. Гэвч засаглал нь ойлгомжгүй, өр төлбөр ихтэй. ТУЗ-ийн хараат бус гурван гишүүн нь томилгоогүй ажиллаж байсан гэдэг ноцтой мэдээлэл бий. Энэ бүх завхрал нь ямар түвшинд аваачдагийг Эрдэнэтийн жишээнээс харж болно. ЭТТ компаниа Эрдэнэтийн араас тавиад туучихгүйн тулд одооноос иргэдийн хяналт тавих хэрэгтэй болж байна” гэлээ.

2017.04. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг шүүмжлэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.04.28/ боллоо.

Хурлыг тус компанийн толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал С.Түмэнцогт даргалан явуулсан байна.

Тус компанийн хувьцааг эзэмшиж буй хоёр сая гаруй иргэдийг төлөөлөн 64 иргэн хуралд оролцсон юм. Энэ нь урьд өмнөх онуудаас хамаагүй өссөн тоо гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд онцолсонб айна.  Өнгөрсөн оны  хувьцаа эзэмшигчдийг төлөөлж, 10 иргэн, түүний өмнөх онд зургаан хүн оролцож байжээ.

Тус хурлаар компанийн ТУЗ—ийн хараат бус гишүүний томилгоо  хуралд оролцсон хүмүүсийн анхаарлыг татаж, шүүмжлэл өрнүүлжээ. Хурлын төлөөлөгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд одоогийн хараат бус  гишүүдийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүнээр  П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ гэж гурван хүн одоо ажиллаж байгаа бөгөөд тэднийг  компанийн ТУЗ-ийн ээлжит бус хурлаар томилжээ. Хараат бус гишүүд нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэний эрх, ашгийг хамгаалж байх ёстой. Гэвч иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар дээрх гишүүд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг хуралд оролцсон олон хүн хэлж байлаа. Одоо хараат бус гишүүнээр ажиллаж байгаа Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү юм байна. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.

Хараат бус гишүүдийг томилохдоо  хурлын зарыг хангалттай түгээгээгүй, ердөө 30 минутын хугацаанд хуралд оролцох иргэдийг бүртгэсэн, хурлын танхим жижиг байна, хурлыг хаалттай явуулж байна гэх шүүмжлэлийг эдийн засагч Л.Наранбаатар хэлж байлаа. Мөн тэрээр хурлын танхимын 3G сүлжээг хаасанд бухимдан, компанийнхаа ажилчдаар энэ танхимыг дүүргэсэн байна гэж хардаж байгаагаа ний нуугүй илэрхийллээ.

Өнөөдрийн хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн гадаадад томилолттой яваа учир оролцсонгүй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал ч ирээгүйд эргэлзэж гайхсан хүмүүс цөөнгүй байлаа.


“ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
Удирдлага:

  • ТУЗ-ийн дарга: У.Бямбасүрэн /Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын Дэд дарга/
  • ТУЗ-ийн нарийн бичгийн дарга: Ш.Мөнхцэрэн

Гишүүд:

  • ТУЗ-ийн гишүүн: Х.Батжаргал /Байгаль орчин,  аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга/
  • ТУЗ-ийн гишүүн: С.Амгалан /”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал/
  • ТУЗ-ийн гишүүн: С.Батболд /Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
  • ТУЗ-ийн гишүүн: С.Наранцогт /Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга/
  • ТУЗ-н гишүүн: Г.Нандинжаргал /Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  • Хараат бус гишүүн: П.Өлзийнаран
  • Хараат бус гишүүн: Э.Ганбаатар
  • Хараат бус гишүүн: Х.Болор-Эрдэнэ.

Д.Цээнэ (news.mn)