Олборлох салбарын компаниуд: Хэн нь хэн бэ?

Газар тариалангийн салбарт өмнөх нийгмийн үед тариаланч гэж трактор, комбайн дээр өөрийн биеэр ажилладаг хүмүүсийг хэлдэг байсан бол өнөөдөр зөвхөн компанийн захирлуудыг нь тэгж нэрлэдэг болжээ. Уг салбараас гавьяат төрж, одон медаль зүүж байгаа болон хэвлэл мэдээллээр магтуулж байгаа хүмүүсийг харахад дандаа захирлууд. Тэд бараг бүх тохиолдолд компанийхаа эзэд байдаг. Гэтэл ашигт малтмалын салбарт эсрэгээрээ, эзэд байтугай захирлууд нь болж л өгвөл нуугдчих гээд байдаг. Бүр нэр нь тодорхой ч олдож өгдөггүй.

Олон нийт яагаад уул уурхайн компанийн эздийг мэдэхийг хүсдэг вэ? Компаниуд бизнесээ хэрхэн явуулж, хэр ашиг олох нь тэдний дотоод хэрэг мэт боловч ухаж байгаа баялаг нь “төрийн нийтийн өмч” учраас тэр. Эзэд нь тусгай зөвшөөрлөө авлигалгүйгээр авсан, ашиг орлогоо баялгийн эздээс бултуулж зувчуулахгүйгээр татвараа бүрэн төлсөн гэдэгт итгэхийн тулд. Бас уул уурхай бол газар орныг эзэлж заавал эвддэг, усыг соруулж авдаг, бохирдуулдаг учраас нөхөн сэргээлгэх, хэрвээ тэгэхгүй байвал хариуцлага нэхэхийн тулд.

Энэ бизнесийг зөв шударгаар эрхэлж байгаа компанийн эзэн үл үзэгдэгч байх ёсгүй.

Сүүлийн жилүүдэд тийм этгээдийг эцсийн өмчлөгч, хэрвээ хувьцаат компани бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигч хэмээн томъёолж хэд хэдэн хууль журамд тусгасан билээ. Тусгаад зогсохгүй төрийн зарим байгууллага хоёр жилийн өмнөөс бүртгэж эхэлсэн. Гэвч үр дүн хангалтгүй байна. 2019 оны 12-р сарын байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёр мянгаад компанийн дөнгөж хориодхон хувь буюу 436 нь эцсийн өмчлөгчөө улсын бүртгэлд мэдүүлжээ. Татварын ерөнхий газарт бүртгүүлсэн компанийн тоо арай илүү –  547. Бас эцсийн өмчлөгчийнхөө өөрчлөлтийг мэдүүлэх үүргээ компаниуд бараг биелүүлдэггүй. Мөн тусгай зөвшөөрлийн асуудлаар “эцсийн шийдвэр гаргах эрх бүхий этгээд”-ийг Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлдэг журамтай ч хэрэгжилт нь тодорхой биш. Дээрх тоонууд ба дүгнэлтийг УБЕГ ба УУХҮЯ-наас бэлтгэсэн танилцуулгаас  авлаа.

Манайд зөв бурууг нь хэлэхэд хэцүү нэг зуршил бий. Хуулийг хэрэгжүүлж чадахгүй болохоороо өөрчилдөг, ингэхдээ хамгийн түрүүнд хугацааг сунгачихдаг. 2019 онд 3-р сард батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлтөөр 2020 оны 01-р сарын 01-нээс хойш шинээр бүртгүүлж байгаа компаниуд эцсийн өмчлөгчөө заавал мэдээлэх, харин өмнө нь компаниа бүртгүүлсэн бол өмчлөгчөө энэ ондоо багтаан нөхөж мэдээлэх үүргийг дахин хүлээлгэв. Өөрчлөлт гарвал тухай бүр мэдээлж байх ёстой.

Ингээд өмнөх хууль журмыг биелүүлээгүйн төлөө нэг ч компани, албан тушаалтан хариуцлага хүлээхгүй өнгөрөв. Одоо бүгд гэнэт сахилгажиж ном журмаараа мэдүүлдэг болно гэсэн баталгаа байна уу? Энэ удаад дан ганц уул уурхай гэлтгүй бүх хуулийн этгээдэд эцсийн өмчлөгчөө мэдүүлэх үүргийг хүлээлгэжээ. Ингээд тоо нь хоёр мянга биш, хоёр зуун мянгад дөхөж байгаа Монгол Улсын бүх компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын эцсийн өмчлөгчийн мэдээллийг хавтгайруулж, тэгэхдээ цаасаар авах болж байна. Үүнээс хойш эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягтыг бөглүүлэх, хүлээн авч нягтлах, хадгалах, дараа нь мэдээж цахим болгохын тулд гараар шивж оруулах, энэ хооронд гарах өөрчлөлтийг тусгах гээд эцэс төгсгөлгүй ажил ундарч сунжирна. Улмаар эцсийн өмчлөгч яагаад ид тод, нээлттэй болохгүй удаж байгааг цайруулах ээлжит шалтгаан буюу шалтаг болж хувирах биз.

Төрийн байгууллагууд мэдээлэл цуглуулах нэг хэрэг. Улсын бүртгэлийн тухай хуулийн өөрчлөлтөөр ил тод, нээлттэй байх мэдээллийн жагсаалтад эцсийн өмчлөгчийг дахиад л багтаагаагүй учраас хаалттай, нууц байх бөгөөд зөвхөн тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлөөр ил тод болгох нь хэвээр үлджээ. Ердийн компанийн эзэд хэн байх нь олон нийтэд тийм ч чухал биш байж магадгүй ч “төрийн нийтийн өмчийг” ашигладаг уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийг нээлттэй болгохыг энэ удаад шийдвэрлэж өгөөгүй юм.

Ийм нөхцөлд олон нийт олборлох салбарын жинхэнэ эздийг мэдэх эрхээ хэрэгжүүлэх өөр арга замуудыг ашиглах л үлдэж байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа ОҮИТБС-ыг хүрээнд 2013 оноос энэ талын мэдээллийг компаниудаас авч эхэлсэн бол өнөөдөр ашиг хүртэгч буюу бенефициар эзэн, өмчлөгч гэсэн үндсэн нэр томъёо, ашиг хүртэгч эцсийн эзэн, улс төр нөлөө бүхий этгээд зэрэг тодорхойлолтын дагуу нэлээд өргөн хүрээтэй цуглуулж ирсэн. Одоогоор хамгийн сүүлчийн буюу 2018 оны тайланд хамрагдсан 202 компанийн 60 нь бенефициар өмчлөгчийн мэдээллээ ирүүлснийг өмнөх тайлангуудын (2013-2017 он) мэдээлэлтэй нэгтгэн оруулсан гэжээ. Хавсралтыг үзэхэд, 52 компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, 36 компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, 184 компанийн бенефициар өмчлөгчид (хувь хүн), 80 компанийн бенефициар өмчлөгчид (хуулийн этгээд), бас компанийн ноогдол ашгийн мэдээлэл ямар нэг хэмжээгээр багтсан байна.

“Ямар нэг хэмжээгээр” гэдэг бол зарим нь бүрэн, зарим нь хагас дутуу, бас нэршил жигд биш зөрүүтэйг хэлж байгаа юм. Мөн мэдээллийг олон салгаж байршуулсан нь тухайн компанийн тусгай зөвшөөрлөөс эхлээд бенефициар өмчлөгч хүртэлх дүр зургийг бүтнээр нь олж харахад түвэгтэй болгожээ. Нөгөө талаар уг тайлангийн хамрах хугацаа 2019 оны 01-р сарын 01 хүртэл учраас түүнээс хойш гарсан өөрчлөлтүүд тусаагүй.

Чамлахаар чанга атга гэдэг. Энд “бэлэн хоол” гэж байхгүй. ОҮИТБС-ийн дээрх мэдээллийг эхлэл гэж үзээд бусад эх сурвалжуудтай зэрэгцүүлэн ашиглаж эцсийн өмчлөгч рүү алхам алхмаар дөхөхөөс өөр арга байхгүй. Өнөөдөр цагийн аясаар цөөнгүй компани өөрсдөө нээлттэй болжээ. Олны анхаарал татсан, буруу зөвөөр шуугиулсан компани эздийг хэвлэл мэдээлэл аяндаа эрэн сурвалжлаад гаргаад ирж байна. Өрсөлдөгчид улс төрийн ба бусад шалтгаанаар бие биенээ илчлэх нь бий. Зарим мэдээллийг шүгэл үлээгчид дэлгэсэн байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан үүсгэн байгуулагчид, хувьцаа эзэмшигчдийг хамгийн сүүлд бүртгүүлснээр нэрлэж байгаа нь цааш эрж хайх сэжүүр болдог.

Хэн нэг нь үүнийг хийх ёстой. Ийм учраас манай “Ил тод байдал сан” ТББ нь ашиг хүртэгч эздийн мэдээллийн санг цахим сайт хэлбэрээр байгуулсан билээ. Бидэнд олддог мэдээлэл голдуу хагас дутуу, сэжүүр төдий, хуучирсан, ойлгомжгүй, хамгийн чухал нэг тоо, нэг нэр дутуу байдаг. Баримт нотолгоо нь дараа гарч ирдэг. Жинхэнэ эзний зураг бараг олддоггүй. Уул уурхайн компаний хувь, хувьцаа, тусгай зөвшөөрөл нэгээс нөгөөд шилжих, тоо хэмжээ нь өөрчлөгдөх магадлал үргэлж байдаг учраас олборлох салбарын үйл явдлыг тасралтгүй ажиглаж эцсийн өмчлөгчийн мэдээллийг байнга цуглуулан шинэчлэхийг хичээж байна.

Компани гадаадын, ядахдаа Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй бол учиртай. Тэнд хувьцаа эзэмшигчдэд зориулж тухайн компанийн тайлан, танилцуулгыг заавал байршуулдаг. Үүндээ хувьцаа эзэмшигчдийг нэрээр нь нэгбүрчлэн жагсаахгүй ч “нөлөө бүхий хувьцаа эзэшигчид”-ийг эзэмшдэг хувь хэмжээтэй нь албан ёсоор зарладаг нь эцсийн буюу бенефициар өмчлөгчийг бараг нэрлэсэн гэсэн үг юм. Гэхдээ цаана нь далд эзэмшил нуугдаж бас үгүйсгэхгүй. Ер нь төрийн нийтийн өмч гэж Үндсэн хуулинд тодорхойлсон газрын доорх ашигт малтмалыг тусгай зөвшөөрлөөр ашиглуулах нь бага хэсэг, түүнийг эзэмшиж байгаа компанийг нэг хүн, нэг гэр бүл бус, олон нийт хувьцаагаар эзэмших ёстой гэж үздэг хүмүүс бий.

Уулын цаана уул гэдэг шиг компанийн цаана компани гарч ирэх нь уул уурхайн бизнесийн онцлог бололтой. Энэ яг эзэмшдэг гэж бодсон компанийг эзэмшдэг өөр нэг компани гараад ирдэг. Эсвэл жинхэнэ эзэн шиг харагдсан нөхрийн цаана өөр хүн, өөр компанийн нэр бичигдсэн байх. Ингэж эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэт санагдавч хэзээ нэгэн цагт хувь хүн, эсвэл хэсэг хүмүүст тулж очоод зогсох ёстойг бид мэднэ. Хэдэн хүн байсан ч тэдний эрх мэдэл, эзэмших хувь хэмжээ адилгүй, улмаар нэг нь давамгайлж, бусдаас илүү хүртдэг нь жинхэнэ эцсийн өмчлөгч байж таарна. Энэ мэтээр компанийн ард хэн байдаг, хэн нь хэдэн хувьтай, өөр хоорондоо яаж холбогддог, гадаад дотоод нэр, бүртгэл гээд олон үл мэдэгдэгчтэй томъёо адил эзэмшлийн бүтцийг манай уул уурхайн бизнес эрхлэгчид мэддэг чаддаг болсон нь илт, харин олон нийт саяхнаас асууж сонирхдог болж байна.

Эцсийн өмчлөгчийн эрэл нэрнээс эхэлнэ. Захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг судалж мэдэх нь бенефициар ба эцсийн өмчлөгч хэмээх тэр этгээд рүү дөхөж очих эхний шат дамжлага, зайлшгүй алхам юм. Үүнийг хийхэд тулгардаг эхний асуудал бол манай албан ёсны бүртгэлийн мэдээлэл замбараагүй талдаа, өөр хоорондоо зөрдөг, нэг стандарт тогтоогүй явдал юм. Наад зах нь компанийн болоод хувь, хүний нэр овог, аж ахуйн нэгжийн хэлбэр, тоо, тэмдэглэгээ, гадаад дотоод нэрийг бичих хэм хэмжээ эцэслэн цэгцрээгүй байна. Манай уул уурхайн салбарт нэвтэрч байгаа хятад хүний овог нэрийг кирилл үсгээр буулгах нь дур зоргийн хэрэг болжээ.

Компани томрох тусам эзэмшлийн бүтэц нарийсдаг. Тэрхүү утасны үзүүрийг хөөхөд шууд, эсвэл хэдэн компани, хувь хүнээр дамжаад хилийн дээс давж гадаад нэр зүүгээд алга болчихож байна. Тэр нь Виржини, Кайман, Мэн, Нидерланд, Люксембург, Бельги-д бүртгэлтэй гээд эрэл үндсэндээ мухардана. Ийм компанийг “барьж авах” нэг сэжүүр бол Монголд төлөөлж байгаа гүйцэтгэх захирлыг олох. Гэхдээ тэр нь монгол хүн байвал шүү. Эцсийн өмчлөгч болох нь олон нийтэд тов тодорхой, өөрөө ч тэгэж мэдэгддэг эрхмүүд хүртэл компаниа улс тив дамнасан бүтцээр дамжуулан эзэмшиж байгаа нь элдэв эргэлзээ таамаглалыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Тэгж орооцолдсон эзэмшлийнхээ учрыг нь эзэд нь өөрөө олдог болов уу гэж заримдаа бодогддог шүү.

Орон нутгийн иргэд уул уурхайн компанитай холбоотой зарга мэдүүлэхдээ алс баруун зүүн хязгаараас ч хамаагүй төлөөллөө нийслэл рүү илгээдэг нь учиртай. Уул уурхай бүгд хөдөө байдаг бол тусгай зөвшөөрлөөс эхлээд бусад бүх асуудал Улаанбаатарт шийдэгддэг төдийгүй уул уурхайн компанийн жинхэнэ эзэд нь бараг бүгд Улаанбаатарынх. Зарим сумын иргэд нэр бүхий компанийн жинхэнэ эзнийг олж өгөөч, эсвэл эзнийг нь мэднэ, харин хаана суудгийг хэлж өгөөч, хүсэлт шаардлагаа тавья гэдэг. Орон нутгийн өмчийн нүүрсний уурхайнуудын удирдлагууд нутагтаа оршин суудаг байх, гэхдээ Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-ийн 49 хувийн том өмчлөгчид бүгд Улаанбаатарт амьдарч байна.

Чаддагсан бол уул уурхайн компанийн жинхэнэ өмчлөгч эзэн гэж нэг нэр хэлээд асуудлыг дуусгахсан. Харамсалтай нь тийм боломж үгүй. Тэд нуугддаг. Өчигдөр байсан эзэн маргааш солигдсон, хувь хэмжээ нь өөрчлөгдсөн байж болох. Ийм учраас тухайн компанийн, тэр дундаа эзэмшил өмчлөлд холбогдолтой байж болох янз бүрийн мэдээллийг “арай биш”, хэтэрхий бага хувь”, “босгоос доогуур” гэж үлдээхгүйгээр аль болох олон сурвалжаас авч дэлгэж байгаад дүгнэлт хийдэг, түүнийгээ тасралтгүй хийдэг байх нь хамгийн үр дүнтэй юм.

Ингээд анхаарал татсан зарим ажиглалтаас хуваалцья.

Уул уурхайн компаниудын ихэнх нь жижиг, дунд хэмжээтэй бөгөөд эзэд нь нэг хүн, тэгээд захирлын албан тушаалтай, тэгээд эцсийн өмчлөгч байх магадлал маш өндөр. Ялангуяа алтны уурхайнууд. Заамарт алт олборлодог Ай Би Би Ай ХХК хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд бенефициар өмчлөгч нь түүнийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн Чойжамцын Оюунгэрэл. Дундговь, Завханд хайгуул хийж байгаа Касстаун ХХК-ийн бенефициар өмчлөгч нь Дамбадаржаагийн – 100.0 % гэх мэт.

Гэр бүлийн компаниуд олон байна. Хэнтий, Увсад алтны уурхайтай Дацан трэйд ХХК-ийн бенефициар өмчлөгчид нь Дэжидийн Баянбат (80 %), Баянбатын Цэнгүүн (20 %) буюу аав хүү хоёр. Дун-Эрдэнэ ХХК-ийн эцсийн өмчлөгч Л.Лхагвасүрэн – 34 %-тай ба хоёр хүүхэддээ тус бүр 33 %-ийг хуваарилжээ. Нүүдэлчин группт багтдаг уул уурхайн компаниудын эзэмшигчдийн жагсаалт гавьяат эдийн засагч Б.Шүхэртээр эхэлж түүний хүүхдүүд болох Ш.Бүтэд, Ш.Жаргал, Ш. Батнасан, Ш.Лхамсүрэн гэхчлэн үргэлжилдэг. Алтыг “оройд нь хүршгүй жаргал”-тай зүйрлэдэг нь учиртай байх. Чухам ийм учраас манайд ашигт малтмалын компаниуд, тусгай зөвшөөрлийн ихэнх нь алтных. УИХ-ын гишүүн Цэдэнгийн Гарамжавын брэнд болсон алтны Монполимет ХХК-ийн бенефициар өмчлөгчид нь тэрбээр өөрөө – 25 %, түүний хоёр охин Нармандахын Уртнасан – 24 %, Нармандахын Мөнхнасан – 51 % нар юм. Сонирхолтой нь тус группын Монцемент билдинг материалс ХХК-ийн 20 хувийг хөрөнгө оруулалт хийсэн ЕСБХБ эзэмшжээ.

Төмрийн хүдрийн чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Бэрэн группийн эзэмшигчид нь Бэрэнбалын Ганбат, Бэрэнбалын Мөнхдалай, Бэрэнбалын Мөнхтөр, Бэрэнбалын Сарангэрэл, Бэрэнбалын Сономсүрэн, Бэрэнбалын Чимгээ болон Ганзоригийн Баттулга, Ганзоригийн Энхболд, тэгээд Цэдэнсодномын Батбаяр, Цэдэнсодномын Батболд, Цэдэнсодномын Бат-Эрдэнэ гээд дуусч байгааг үзэхэд гурван том гэр бүлийн оролцоотой байх. Лхагвын Ундрах, Лхагвын Сэргэлэн, Лхагвын Зоригт, Лхагвын Байгалмаа, эсвэл Одонгийн Наранбат, Одонгийн Дамжин, Одонгийн Сайнжаргал, Одонгийн Цогтгэрэл, Одонгийн Өлзийтөгс гэх мэт гэр бүлийн эзэмшилтэй компани зөндөө тааралдана.

Уул уурхайн CC Монголиа ХХК-ийн эзэмшлийг мөшгөхөд Оюуны ундраа групп рүү чиглэж байна. Тэгэхээр эцсийн өмчлөгчид нь УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр, одоогийн Улаанбаатар хотын засаг дарга С.Амарсайхан нар юм.

Кёкүшюзан Батбаярт японы хөрөнгө оруулалттай уул уурхайн Харанга сүмбэр ХХК, Сатономатериал ХХК зэрэг компаниуд хамаардагийн дотор Чингис ворлд майнинг ХХК-ийг хамтран эзэмшигч нь Хаан банкны Хидео Савада байдаг анхаарал татаж байна.

Гэр бүлийн биш хэд хэдэн өмчлөгчтэй компаниуд байх. Өсөх зоос ХХК-ийн бенефициар өмчлөгчөөр Чойжамцын Чинбат,– 68 %, Паламын Баярцог,– 24 %, Сүхдоржийн Батхүлэг – 8 % гэж гурван хүн бичигджээ. Нийлээд яг 100 %. Маш их зардалтай энэ бизнест шинээр хөрөнгө оруулагч гарч ирэх, үүний тулд эзэд нь гэрээ хэлэлцээрт орж нэг мэдэхэд хувь эзэмшил өөрчлөгдсөн байх нь цөөнгүй.

Монголын алт (МАК) ХХК-ийн эцсийн өмчлөгчид нь Б.Нямтайшир, түүний гэр бүл Д.Хулан, гүйцэтгэх захирал нь охин Н.Цэлмүүн. Харин сүүлийн үеийн дуулианы эзэн Н.Номтойбаяр хүүгийн оролцоо алга. Нарантуул компанийн эзэн нь Ш.Сайхансамбуу биш Ш.Оюунсогоо буюу түүний гэр бүл ажээ. 

Ноён уул-тай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлийн бай болсон Бороо гоулд ба Сентерра гоулд-ыг төлөөлөх нь хүн монголын хуулийг өөрчлүүлэхээр лобби хийж байгаа, удахгүй бүтнэ хэмээн ярьж буруутсан Казакофф биш Блүүмберг телевизийн захирлын дүү Э.Дөлгөөн, тэгэхээр өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банк болжээ. Монголын нөгөө нэг том банк – Голомт банкны захирал Данзандоржийн Баясгалан Цэцэнс майнинг энд энержи ХХК-ийн эцсийн өмчлөгч юм.

Ийм эзэмшлийг энгийн гэж үзвэл наанаа энгийн хэрнээ цаанаа түвэгтэй бүтэцтэй компаниуд залган авч байна.

Монгол газар компани бол ямар ч эргэлзээгүй Ц.Мянганбаярынх гэж бүгд хэлнэ. Гэтэл бүртгэл дээр нь хувьцаа эзэмшигчээр Goblstar Hold /BVI/ Ings (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс)-ийг нэрлэжээ.

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” гэж дуулиантай компани бий. Эзэн нь дуучин Оюунтүлхүүрээр овоглох шахсан Р.Базар гэж хэвлэл мэдээллийнхэн бичдэг ч үүнийг нотлох баталгаатай эх сурвалж хараахан олдоогүй, харин Mongolian Resources Corporation S A R L (Люксембург) гэсэн эзэмшилтэй бүртгэлийн мэдээллээс харж болно. Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж ноднин хоёр том осол гаргасан “Эко Алтан заамар” ХХК-ийн далд эзнээр Базарыг тодруулдаг ч бас нотолгоо байхгүй, эзэмшигч нь гүйцэтгэх захирал П.Төмөрцэцэгээс цааш задрахгүй байгаа. Дашрамд дурдахад энэ компани саяхан нүүрээ бууруулж байгаа мэт Бүрдэл майнинг ХХК нэртэй болсон байх юм.

Алтан Дорнод Монгол ХХК-ийн эцсийн өмчлөгч нь арваад жилийн өмнө ОХУ-ын иргэн С.В.Паушокоос дуулиантайгаар худалдаж авсан Тордайн Ганболд гэдэгт хэн ч эргэлдэггүй. Харин эзэмшигч нь Goldstream Mongolia Inc (Британийн виржини арлууд) ажээ. Оффшор, татвар гээд далд шалтгаанууд байдаг биз. Дашрамд дурдахад, Очир-Ундраа ХХК-ийг өмчлөгч Тардайн Гантөмөрийг түүний ах дүү гэж зарим нь боддог байж магадгүй ч биш ажээ.

Гадаадын уул уурхайн компаниудын дотор олон улсын хөрөнгийн биржэд, үгүй бол элдэв оффшорт бүртгэлтэй, БНХАУ, тэр тусмаа Хонконгийн компани зонхилжээ. Хятадын хөрөнгө оруулалтын тодорхой жишээ болж явдаг Шинь Шинь ХХК хүртэл шууд урдаас бус, Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй Грийт Промайс энтерпрайс ЭлТиДи нэрээр орж ирсэн байна.

Хойд хөршийн хөрөнгө оруулалттай компани гарын таван хуруунаас цөөн. Бусад улсуудаас германы хөрөнгө оруулалттай ганц нэгхэн компани байгаа нь – Ай Эн Ди ХХК ба түүний цаадах Интермартех ба Уулко компаниуд. Биднээс хаа хол тивийг нэрэндээ залсан Афро Азия Минералз ХХК-ийн өмчлөгчид БНХАУ-ын иргэд, ба хятадын нэгэн компани. Тайландын лав хоёр компани манай уул уурхайд хөрөнгө оруулсан нь содон харагдана. Казакстаны иргэний өмчилдөг компани ч байна. Монгол болгаргео ХХК-ийн нэрийг сонссон хүн түүний эзэмшигч нь Жинлиань нэртэй компани байна гэж төсөөлөхгүй. Гэхдээ Жинлиань-ийн эзнээр монгол хүний нэр бичигджээ. Төстэй жишээ гэвэл Ренова илч хэмээх “орос” талын нэртэй компанийн хөрөнгө оруулагчид нь Хонконгийнх.

Монголын уул уурхайн компаниудын эзэмшил, өмчлөлийн онцлог гэж байдаг уу? Албан ёсны эцсийн өмчлөгчийн өмнөөс гүйцэтгэх удирдлага үр ашгийг илүү хүртдэг явдал байж магадгүй. Гэхдээ ийм жишиг хаа сайгүй бололтой. Оюутолгой гэрээнд менежментийн зардал гэж маргаан дэгдээсэн асар их үнийн дүн байдаг билээ. Хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд төлөөлөн удирдах зөвлөлөө дандаа хагас дутуу нэрлэж байна. ТУЗ-ийн дарга гэж байх ч гишүүдийн нэр алга. Жинхэнэ өмчлөгч нь ТУЗ-ийн дарга учраас тэр байх.

Аймгууд өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор голдуу нүүрсний уурхай ажиллуулж хувь эзэмшжээ. Тэгвэл Төв аймгийн удирдлага гурван жилийн өмнө гэнэт алтны бизнест хөл тавихаар шийдэж “Эрдэнэсийн эрэг” нэртэй компанийг байгуулж 34 хувийг эзэмшихдээ үлдэх 64 хувийг өгсөн Голд харбор ХХК-ийн эцсийн өмчлөгчийг иргэний нийгмийн байгууллагууд удтал эрэн сурвалжилж бараг олж тогтоогоод байна. Гэхдээ яг эцэслээгүй.

Билэгт баялаг ХХК-ийн ард Эф Эм Ай ХХК, түүний ард Азийн эртний зулай хэмээх үлгэр домгийн нэртэй компанийн цаанаас сүүлийн жилүүдэд сураг дуулдахгүй байсан “Цагаан шонхор” гэгдэх Ч.Энхтайваны нэр гарч ирлээ.

Хаанаас ямар эхлэлтэй, Ноён уултай холбоотой байсан эсэх нь нэрнээсээ харагддаг Гацуурт ХХК гэж байна. Энэ болон ГБНБ ХХК, Коулд голд монгол ХХК-иудын эцсийн өмчлөгч нь өнөөдөр уул уурхайгаа бусад бизнесээрээ олны танил Лхагвын Чинбат, харин гүйцэтгэх захирал түүний эхнэр Намсрайн Наранчимэг ажээ. Тэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган аймагт алт олборлох олон тооны тусгай зөвшөөрөлтэй.

Говь-Алтай аймагт нүүрс олборлодог Гоби коул энд Энержи ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд Мархаажийн Чойдоржийн нэр бичигджээ. Тэрбээр нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр гэдгээрээ олон нийтэд танил.

Олон улсын буухиа шуудангийн DHL компани хайгуул ба ашиглалтын хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэйг эндээс мэдэж авч болно. Хувьцаа эзэмшигчээр тус компанийн захирал Б.Одгэрэлийн охин Маралгоо бүртгэгджээ. Хэдэн жилийн өмнө Шивээ-Овоогийн уурхайтай холбоотой асуудлаар шуугиулж байсан Амалхааны Эрдэнэбат Хонконгийн хөрөнгө оруулалттай Нуклер Энержи Монголиа ХХК-ийг эзэмшиж байна. Мөн дутуугүй шуугиулсан Тэнгри группийн эзэн Хүрлээгийн Анхбаярын мэдлийн компаниуд нэлээд тооны тусгай зөвшөөрөл эзэмшсэн хэвээрээ. Харин Сингапур хөрөнгө оруулагчийн нэр нь зориудаар будлиулсан мэт – Rengri Resources.

Өмчлөлийн нэлээд нарийн түвэгтэй бүтэц бүхий компани бол Цайрт минерал ХХК. Хувьцааны 50 хувийг БНХАУ-ын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төсөл (БНХАУ) компани эзэмшдэг. Харин нөгөө хагас нь ноогдож байгаа Металл-Импэкс ХХК-ийн өмчлөгчдийн дотроо бага сага зөрүүтэй хоёр өөр жагсаалт байна. Хамгийн том хоёр өмчлөгчийн нэг нь Дониддагвын Ганбат (барагцаалбал, 44.0 % орчим), нөгөө нь нь Майн Инфо-гийн гэгдэх, одоо Тус солюшн ХХК ба Үндэсний амьдралын даатгал ХХК-ийн захирал Дугарын Жаргалсайхан (24.0 – 30.0 %) юм.

Өнөөдөр аливаа компанийн эзэмшил өмчлөлийн дүр зургийг бүрэн харуулахын тулд улсын хил ба цаг хугацаагаар хязгаарлагдах ёсгүй. Гэтэл манай албан ёсны эх сурвалжуудын хамгийн том дутагдал бол нэг удаагийнх байдаг буюу шинэ мэдээлэл байршуулахдаа өмнөхийг алга болгочихдог явдал юм.

Бид www.iltod.mn сайтаараа үүнийг нөхөж иргэний нийгмийн ой санамж бүхий мэдээллийн орон зай байхыг зорьж байна. Одоохондоо компани тус бүрийн мэдээлэлд эзэмшигч, эцсийн өмчлөгч, бенефициар өмчлөгч гэх мэтээр давтан орсон байгааг уншигч та анзаарах байх. Бид эхний удаад өөр хоорондоо зөрүүтэй янз бүрийн эх сурвалжийг нэгтгэж байгаа бөгөөд цаашдаа мэдээллийг нягтлан тодруулж баталгаажуулахын хэрээр энэ зөрүү багасч нэр томъёо жигдрэх юм.

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s