Цаад эзэд

– Эзнийг нь олсон уу?
– Олсоон …
– Биш ээ, цаад эзнийг нь, эздийг нь

“Өглөө” киноны хэсэг

2019 онд Монгол Улсад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх нийтээр хэлэлцүүлж парламентаар батлах явцад байгалийн баялаг хэний өмч болох тухай заалтыг тойрч хэдэн сарын турш ширүүн маргаан дэгдсэн билээ. Өмнөх хувилбарт байгалийн баялаг ард түмний мэдэлд байх хэрнээ төрийн өмч гэж тодорхойлсон байсныг албан тушаалтнууд төрийн өмнөөс дур зоргоороо шийдвэр гаргаж баялгийг компаниудын мэдэлд өгөөд ямар ч хяналтгүй захиран зарцуулах боломжийг олгосон гэж олон нийт шүүмжлээд төрөөс аль болох холдуулахын тулд нийтийн өмч хэмээн томъёолохыг хүчтэй шаардаж байсан ч эцсийн дүндээ “төрийн нийтийн өмч” дээр тогтлоо.

Харин яаж ч томъёолсноос үл хамааран байгалийн баялгийг хайх, олборлох эрх буюу тусгай зөвшөөрлийг эцсийн эцэст хэн нэгэн бизнес эрхлэгчдэд олгож таарна. Үүнийг шийдэх гэж нөгөө л төрийн байгууллага, албан тушаалтнууд эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Энэ бол “төрийн нийтийн өмч” гэсний “төр”-ийн тал өмчөө мэдэж байгаа хэрэг юм. Тэгвэл “нийт” буюу бусад иргэдэд өмчийг нь хэрхэн мэдүүлэх вэ? Уул уурхайн үр шимийг шударгаар хүртээх л үлдэж байна. Гэхдээ тэдэнд шууд очихгүй, татвар төлбөр хэлбэрээр төрөөр дамжин хүрэх учиртай. 

Газрын доорхи ашигт малтмалаар бизнес хийж үр шимийг шууд хүртдэг эзэд үүнийхээ төлөө татвар, төлбөрийг хуулийн дагуу бүрэн төлөх, ашиг орлогоо нааш цааш зувчуулахгүй байх, байгаль орчныг нөхөн сэргээх гээд олон үүрэг хүлээнэ. Хэрвээ тэгэхгүй бол баялгийн жинхэнэ эздийн өмч хөрөнгийг завшиж буй хэрэг юм. Энэ бол хариуцлага, тэрхүү хариуцлагыг хүлээх эзэн, эздийн тухай асуудал юм.

Уул уурхайн компаниудын эздийг ил тод, нээлттэй болгох ажил Монгол Улсад 2013 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын тайлангаас эхэлж ашиг хүртэгч, дараа жилээс нь бенефициар өмчлөгч нэрээр компаниудын өгсөн мэдээллийг нэгтгэдэг болсон юм. Дараа нь олон улсын ОҮИТБС-ын 2016 оны шинэ стандартад нэгдсэн улсын хувьд 2020 оны 01-р сарын 01 гэхэд хэрэгжүүлдэг болсон байх үүргийг бид хүлээсэн билээ. Өнгөрсөн хугацаанд энэ зорилтод хүрэх замын зураг боловсруулж баталсны дагуу том жижиг судалгаанууд хийгдэж, төрийн албан хаагчид, уул уурхайн компани ба иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан сургалт, семинарыг хангалттай олон удаа зохион байгуулжээ. 

Гэвч Монгол Улс энэ удаад амжсангүй. Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газарт эцсийн өмчлөгчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу хэдэн зуун компани бүртгүүлсэн гэдэг боловч түүнийг олон нийтэд зарлах эрх зүйн зохицуулалтгүй байсаар 2020 онтой золголоо. Иргэний нийгмийн зүгээс шахаж шаардсан ч төрийн байгууллагууд ч нэг их хичээсэнгүй. Эздийн мэдээлэл бизнесийн нууц учраас тухайн компанийн “бичгээр өгсөн зөвшөөрлөөр” дэлгэж болох гэсэн заалтаас болж гацжээ. 

Аливаа асуудлаар өөрчлөлт гаргах хоёр арга зам байдаг. Нэг бол дээрээс эхэлж хууль журам гаргаж байж хийх. Эсвэл хэн нэг нь санаачилга гаргаж боломжоороо хийх, үүгээрээ бусдыг дагуулж өөрчлөлтийг эхлүүлэх.

Ашиг хүртэгч эздийн тухайд Монгол Улс эхний замаар явахаар төлөвлөсөн ч саатчихаад байна. Харин ОҮИТБС-ын тайлангийн хүрээнд зарим компани эзэмшлээ дэлгэсэн, бас олон нийтийн идэвх чармайлт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилгын явцад тодорхой тооны эзэд илчлэгдсэн зэрэг нь бодитой ололт юм. Үүнийг бататгаж цааш урагшлуулахын тулд манай “Ил тод байдал сан” ТББ олборлох салбарын компаниудын бүртгэл, эзэмшил, эздийн тухай байнга шинэчлэгдэж байх цахим мэдээллийн санг “Илтод.мн” сайт хэлбэрээр 2018 онд байгуулан ажиллуулж байгаа юм. Бидэнд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн дэмжлэг үзүүлснийг онцлон тэмдэглэе. 

Нэр томьёог хэрхэн ойлгох нь хүртэл эхэндээ тайлбар шаардаж ашиг хүртэгч эзэн, жинхэнэ эзэн, эцсийн өмчлөгч гэх мэт хувилбарууд гарч ирсэн ба Монгол улсын зарим хуулинд ч хэдэн янзаар туссан билээ. Харин ОҮИТБС-ын тайлангийн хүрээнд бенефициар эзэн хэмээн орчуулгагүйгээр хэрэглэж байгаа болно. 

Ашиг хүртэгч эзэн буюу эздийг нэг удаа ил тод болгосноор асуудлыг шийдэхгүй. Яагаад гэвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, компанийн эзэмшил, түүний хувь, хувьцаа гэдэг нь хөдөлгөөнгүй биш, тэдгээрийг худалдах, худалдаж авах, шилжүүлэх зэргээр байнга өөрчлөгддөг учраас эздийг ил тод болгох нь мөн адил зогсолтгүй үргэлжлэх ёстой ажил юм байна. 

2019 оны төгсгөлөөр “Ил тод байдал сан”-гаас зохион байгуулсан ашиг хүртэгч эздийн ил тод байдлын асуудлаар мэдээлэл, туршлага солилцох хоёр удаагийн семинарт оролцсон төрийн бус байгууллага ба хэвлэл мэдээллийн төлөөллүүд юу ярив?

Нийслэл Улаанбаатар хотын хажууханд түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга олборлохдоо иргэдийн амьдрах орчныг сүйтгэж ирсэн зуу шахам компанийг хариуцлагатай болгох гэж нутгийн оршин суугчид олон жилийн турш тэмцжээ. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн хавар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрөө УИХ-ын хэсэг гишүүд, Байгаль орчны сайд, Нийслэлийн засаг дарга зэрэг хүмүүсийг дагуулан хоёрын хоёр удаа очиж үүрэг даалгавар өгөөд ч байдал сайжирсангүй. Одоо эцсийн арга бол тэдгээр компанийн “цаад эздийг” олж нэрлэх, хэрвээ ард нь том улс төрч, сайд, дарга байгаа бол илчилж ичээх, нэр хүндэд нь халдах явдал үр дүнтэй гэж олон нийт үзэж байна. Ингээд албан ёсны бүртгэлээс гардаг хагас дутуу мэдээлэл, зарим тохиолдолд иргэдийн сонссон “хов жив”, сэжүүрийг бусад эх сурвалжтай холбон судалж, улмаар сэтгүүлчдийг оролцуулсан эрэн сурвалжилгыг эхлүүлж байна.

Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани гэж бий. 51 хувийг нь Өмнөговь аймаг буюу жар гаруй мянган оршин суугч иргэд, үлдсэн 49 хувийн ихэнхийг “Ажнай корпораци” ХХК ба “Шандас импекс” ХХК эзэмшиж, бусад нь жижиг хувьцаа эзэмшигчдэд ноогддог. Гэтэл сүүлийн хорь шахам жилийн турш энэ компанийн шийдвэр гаргах, ашиг хүртэх асуудалд яагаад “Ажнай” корпораци давуу эрхтэй явж ирснийг судлахад эзэмшлийн хувь хэмжээ бус, улс төрийн нөлөөлөл хүчтэй байжээ. “Ажнай”-н эзний харьяалагддаг улс төрийн нам нь сонгуульд ялж аймгийн эрх мэдлийг авахад тэрбээр Засаг даргын зөвлөх болж улмаар 51 хувийн өмнөөс төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдсон удаатай. Бас иргэдийн хувьцааг хууль бусаар шилжүүлж авсан зарга одоо хүртэл үргэлжилж байгаагаас гадна “Шандас импекс”-ийн цаад компани нь офшорт бүртгэлтэй гэх зэрэг баримтууд нь эздийн асуудал хаалттай явж ирсний уршиг юм. 

Олны дунд яригдаж байгаа баримт, сэжүүр тэр бүр үнэн байх албагүй. “Эрдэнэт” үйлдвэрийн бага агуулгатай хүдрийн овоолгыг эзэмших эрхийг авч цэвэр зэс гарган ихээхэн ашигтай ажиллаж байгаа “Ачит ихт” компанийн эзэмшилтэй холбоотой таамаглал 2019 оны туршид тасралтгүй өрнөлөө. Ингээд сэтгүүлчдийн эрэн сурвалжилгын дүнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “цаад эзэн”-ээр зарласан боловч баримтаар нотлогдоогүй юм. 

Дунд ба дундаас дээш томоохон компанийн ашиг хүртэгч эздийг мөшгөхөд олон тохиолдолд албан ёсны бүртгэлтэй эзэмшигч буюу наад эздийн араас цаад эзэн, эзэд цухуйж улмаар хаа нэгтээ оршдог офшор бүсэд бүртгэлтэй гадаад нэртэй компанийн нэрэнд шингэн замхарснаар эрлийн үзүүр алдарч байна. Тийм эздийг олно мэднэ гэдэг иргэний нийгмийн хувьд цоо шинээр суралцах ёстой чадвар юм.

Олон улсын хөрөнгийн биржийн аль нэгэнд бүртгэлтэй компанийн эзэмшлийн бүтэц нарийн түвэгтэй ч хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг үзэх боломжтой байдаг нь ихээхэн тус болж байна. Үүний ачаар, “Аспайр майнинг” компанийн хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцаг өөрийн хувь хэмжээгээ хэрхэн нэмэгдүүлж хамгийн том хувийг эзэмшдэг болсон үйл явцыг бид нэгд нэгэнгүй мэдэж авлаа.

Монголын өөрийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг зарлаж байгаа нь бидэнд судалгаа, эрэн сурвалжилгын эхлэлийн цэг болж чаддаг. Харамсалтай нь МХБ-ээр хувьцаагаа арилжаалж байгаа олборлох салбарын компанийн тоо нэмэгдэхгүй байна.

Цаад эзэн, эздийг мэдэж авах нэг хэрэг. Байгаль орчныг сүйтгэж байгаа зарим компанийн эздийг яаж ийгээд илчилдэг. Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Гутайн давааны орчмын ойн сан, усны эх бүрэлдэх газарт ашиглалтын лицензтэй “Пегматит майнинг” компанийг нутгийн иргэд олон жилийн турш эсэргүүцэж, эздийг нь зураг хөрөгтэй нь ил болгон шүүмжлээд байхад алт олборлох санаархлаа орхихгүй байна. “Бид хууль ёсны зөвшөөрөлтэй” гэж тэд хэлдэг. Маргааныг УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлахыг зөвлөсөн хэдий ч одоо хэр шийдэгдээгүй, өнгөрсөн бүх хугацаанд аймгийн ИТХ-аас эхлэн шүүхэд хандаж дийлсэн, компани давж заалдсан гэх мэтээр үйл явц үргэлжилсээр байна. Нягталж үзэхэд хэргийн учир АМГТГ ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалтнууд хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон, дараа нь илэрсэн зөрчлийг арилгаагүй, бас тэндхийн хоёр голыг кадастрын зураглал дээрээс устгаж харуулаад тэр орчмыг тусгай хамгаалалтаас гаргасанд байжээ. Тэдгээр албан тушаалтнууд бүгд овог, нэртэй…   

Олборлох салбарт ашиг хүртэгч, эцсийн өмчлөгч бөгөөд энэ утгаараа эцсийн хариуцлагыг хүлээх эзний асуудал бидний анх санаснаас илүү өргөн хүрээтэй ажээ. 

Д.Цэрэнжав

“Ил тод байдал сан” ТББ

2019.12.25.

Бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s