“Эрдэнэс Таван толгой” ХК

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ҮНИЙН ЗӨРҮҮГ “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ГАРГАНА

2020.12.17.

Засгийн газрын ээлжит бус хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд танилцуулаа. Энэ хуралдаанаас шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 937 төгрөг болгох шийдвэр гарчээ. Сайжруулсан түлш нэг тн нь 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгаад удаагүй байна.

Сангийн сайд Ү.Хүрэлбаатар:

“Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг “Эрдэнэс-Тавантолгой” компани гаргаж байна. Өмнө 50 хувь хөнгөлөхөд 46 тэрбум төгрөг гаргасан. Дахиад 23 тэрбум гээд нийт 69 тэрбум төгрөгийг хариуцан гаргаж байна” гэв. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэ үеэр нэг тонныг нь 37,5 мянган төгрөг болгон буурууллаа. Ингэснээр сайжруулсан түлшийг үнэгүй авч байна гэсэн үг. Одоо зарах 937 төгрөг нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа түлшний уутны үнэ юм.


Цахилгаан, дулааны үнийг тодорхой хугацаанд тэглэхэд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс-Тавантолгой” компаниуд тусална

2020.12.14.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID 19 холбогдуулан Монгол Улс хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны үнийг тодорхой хугацаанд тэглэх тухай юм. Энэ сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон ба Засгийн газар энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс-Тавантолгой” компаниуд туслах болсон билээ.

Салбарын сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нартай уулзаж нийгэм, эдийн засагт чиглэсэн тус арга хэмжээний талаар ярилцаж, Сайд нарын зүгээс салбарын нэр хүндийг өндөрт өргөж яваа баялаг бүтээгч салбарынхандаа болон дээрх хоёр компанийн удирдлага, ажилтнуудад хандан улс, орон нутгийн төсвийг бүрдүүлэхээс гадна цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа аж ахуйн нэгж, ард иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлж, бодит дэмжлэг үзүүлж буйд яам, агентлагийн нийт ажилтан, иргэд, аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.


“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2021-2025 ОНД “А6-20” ХЭРЭГЖҮҮЛНЭ

2020.12.09.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөний төсөл боловсруулснаа Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ.

Төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр ийн төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж онцоллоо.

  1. Өргүй, алдагдалгүй, ашигтай ажилласан
  2. Нөөцийг нэгтгэн батлуулж, компанийн бизнесийн үнэлгээг хийсэн
  3. Ажилчдын нийгмийн асуудал, уурхайн хөгжилд анхаарсан
  4. Дэд бүтцийн төслүүдийг эхлүүлсэн
  5. Нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг эхлүүлсэн
  6. 1072 хувьцааг амь оруулсан

Цаашид 2025 он хүртэл Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Ханги мандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр, Коксын үйлдвэрийн төслүүд багтжээ.

Мөн ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, 51000 хүн оршин суух бололцоо бүхий Эрдэнэсийн хот байгуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг хэллээ. Үүнээс гадна 1072 хувьцааг арилжих, өвлүүлэх боломжийг нээж, хувьцааны үнэлгээг бодит болгох,  компанид группын хэмжээний хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүрдүүлж ажиллахаар төлөвлөжээ.


САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО

2019.12.08.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн охин компани “Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, үйл ажиллагаанд шаардагдах 260 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгожээ.

Улаанбаатар хотын Зүүн бүсэд орших тус үйлдвэрийн онцлог нь түүхий эдээ Тавантолгойгоос төмөр замаар тээвэрлэн авчрах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэх юм. Уг үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангах боломжтой юм байна.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоолын дагуу жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлж өнөөдөр ашиглалтад оруулж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн БОАЖ-ийн сайд Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Д.Тавинбэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.


“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК” НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ БАРИМТАЛНА

2020.12.07.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал ил тод байдлыг баримтлан ажиллахтай холбоотой А/333 тоот тушаал баталжээ. Үүнд, шилэн дансны цахим хуудас болон компанийн http://www.ett.mn цахим хуудаст тогтмол байршуулах төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалттай холбоотой 27 төрлийн мэдээллийн жагсаалтыг гаргасан байна.

“Эрдэнэс-Тавантолгой ХК нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болон санхүүжүүлж буй төслүүд, түүнтэй холбоотой бичиг баримтуудыг олон нийтэд болон, гаднын хөрөнгө оруулагч талуудад ижил тэгш нээлттэй, ил тод мэдээлж, олон улсын чанарын стандартуудыг мөрдөн ажиллаж хэвшил болгож байгаагаа мөн мэдэгджээ.


“Бодь Интернэшнл” компани: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг 2022 онд барьж дуусна  

2020.11.09.

Монголын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлд хамгийн дөт чиглэл нь Тавантолгой-Гашуунсухайт (ТТ-ГС) юм. Өдгөө тус чиглэлд төмөр зам барих төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компанийн захиалгаар “Бодь Интернэшнл” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Төслийг өргөтгөж цогц байдлаар, сургууль цэцэрлэг, ээлжийн ажилчдын 1000 айлын орон сууц, төмөр замын 6 зөрлөгийн байгууламж, Гашуунсухайт өртөөнд 300 айлын орон сууц, эрчим хүч татах зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтээ тооцжээ.


“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 90 ОЮУТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО

2020.10.28.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 90 оюутан өнөөдөр /2020.10.28/ батламжаа гардан авлаа. Батламж гардуулах ёслолын ажиллагаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд болж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МУИС, ШУТИС, ХААИС-ын удирдлагууд, эрдэмтэд оролцов.

Компани орон нутаг болон улсын хэмжээнд тэтгэлэгт хөтөлбөр зарласны үндсэн дээр эдгээр оюутнуудыг шалгаруулсан бөгөөд 60 хувь нь Өмнгөговь аймгаас тодорсон сурлагын чансаагаар манлайлагчид ажээ. Харин үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхай, байгаль орчны чиглэлээр суралцаж буй  2-4-р курсын оюутнууд байна.

Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Ирэх 40-60 жилд Монголын их бүтээн байгуулалт Өмнөговь аймаг, Тавантолгойн ордод өрнөнө. Энэ бүтээн байгуулалтад оролцох залуустаа одооноос хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж үзэж манай хамт олон энэ хөтөлбөрийг эхлүүлэн, хэрэгжүүлж байна” гэсэн юм. Цаашид хөтөлбөрийн мөнгөн дүнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дурдсан юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол өнгөрсөн хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийтдээ 350 орчим оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлжээ.


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шинэ гишүүд

2020.10.19.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус цахим хурал өнөөдөр /2020.10.19/ боллоо. Хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох, шинээр сонгох зэрэг  асуудлыг авч хэлэлцсэн байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь нийт 11 гишүүнтэй. Төрийн төлөөллийн долоо, хараат бус дөрвөн гишүүнтэй. Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн хүчинтэй нь өнөөдрөөр ийнхүү дуусгавар болж байгаа ажээ.

Хурлын дүнгээр төрийн төлөөллийн гишүүнээр,

  1. Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал,
  2. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Т.Гантулга,
  3. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ,
  4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан,
  5. Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр,
  6. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
  7. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг

Хараат бус гишүүдээр

  1. Д.Батхишиг,
  2. Ү.Амарбат,
  3. П.Өлзийнаран,
  4. Х.Болор-Эрдэнэ нар сонгогдсон  байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ирэх жилүүдэд 20 том төсөл хэрэгжүүлнэ

2020.10.13.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан билээ.
Үүнийхээ дараагаар “Эрдэнэс-тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм. “Эрдэнэс-тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа.

Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, 1072 хувьцааг амь оруулж, анх удаа иргэн бүрт ногдол ашиг өгсөн, үндэсний бүтээн байгуулалт болох төмөр замын төслүүд, УБ хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр, Тавантолгой түлш компанийг санхүүжүүлсэн зэрэг амжилт, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төслүүдээ энэхүү хөтөлбөрт багтаасан байна.
Тухайлбал, нүүрс угаах баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейерийн систем зэрэг зайлшгүй хэрэгцээтэй үйлдвэрлэлийн төслүүд, ажилчдын хотхон, уурхайн оффис, Эрдэнэсийн хотын бүтээн байгуулалт зэрэг 20 ажлыг ирэх 3,5 жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ.

Мөн өөрсдийн техниктэй болж, олборлолтынхоо тодорхой хувийг өөрсдөө хийдэг болсноор олборлолтын зардал буурах боломжтой юм байна. ТТ-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хариуцах тусгай чиг үүргийн “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдсан, энэ компанийн 66 хувийг ЭТТ эзэмших бол Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшин, энэ хувьдаа оногдох санхүүжилтийг босгох юм байна.

Засгийн газрын хуралдаанаар тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг батласнаар ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн уурхай, авто болон төмөр зам, эрчим хүч, бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдмэл бодлогоор, харилцан уялдаатай явах боломжтой болсныг УУХҮ-ийн сайд энэ үеэр дурьдсан.

“Эрдэнэс-тавантолгой” компани сүүлийн гурван жил маш амжилттай ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар онцлон хэлээд, уурхайчдад амжилт хүсчээ.


ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2020.10.07.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар “Эрдэнэс Тавантолгой” хк-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гишүүдэд танилцуулга хийлээ.  Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол Улсын 2,5 сая иргэн  14,75 хувийг, аж ахуй нэгжүүд 0,05 хувийг эзэмшдэг байна. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны 7 сард олборлосон гэдгийг онцоллоо. Нийтдээ 900 гаруй ажилтантай гэлээ. Тус компани нь 2012 онд Монгол Улсын бүх иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. 2017 оны 3 сар гэхэд Чалко компанид төлөх 350 сая ам долларын өрийг бүрэн барагдуулж дууссан байна. Ингээд 2018 он 1072 хувьцаа мэдээллийн төвийг нээж, 2020 оны 9 сард хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээсэн юм.

Мөн УИХ-ын гишүүдэд хөрөнгө оруулалт, санхүүгийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл өглөө. Дотоодын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд мөн 700 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс гадна 2020 оны олборлолт болоод борлуулалтын нөхцөл байдлын талаараа дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүд танилцуулгатай холбоотойгоор саналаа хэлж, асуулт асууж хариулт авлаа. Гишүүд ногдол ашиг, төсөл хөтөлбөрүүд дээр дотоодын аж ахуй нэгжээ хэрхэн дэмжиж байгаа талаар, ус ашиглалт, цаашдын төсөөлөл, төлөвлөгөөг зэргийг асууж байлаа. Мөн байгалийн баялгийн эзэн нь ард түмэн. Иймээс Эрдэнэс Тавантолгой хк-ийн ашиг орлогыг хаана, хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэр гаргах эрхзүйн үндэс байхгүй. Улс төрийн зорилготой бодлогоос ангид бодлогоор ажиллах нөхцлийг хангахад  анхаарах ёстой гэдэг дээр гишүүд санал нэгдэж байлаа хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


АЧИЛТЫН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООЛОО

2020.09.25.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн Б болон Г ээлжний хамт олон өчигдөр 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 07:00 цагаас 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07:00 цаг хүртэл 1205 тээврийн хэрэгслийн 1310 тэвшинд 91,328.55 тонн нүүрс ачиж гаргасан нь энэ оны өдрийн ачилтын дээд үзүүлэлт болсон тухай компани мэдээлжээ.

Мөн 00-00 цагийн үзүүлэлтээр тооцоход 2020 оны 9 дүгээр сарын 24-ний 00 цагаас 25-ны 00 цаг хүртэл 1175 машин, 1294 тэвш нүүрс ачсан нь компанийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өмнөх дээд үзүүлэлт нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 00-00 үзүүлэлтээр 1177 машин, 1229 тэвш нүүрс ачиж байсан хэмжээ юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оны 3-р улирлын байдлаар 4.9 сая тонн нүүрсийг уурхайн амнаас ачуулсан бөгөөд үүний 61% буюу 3 сая тонн нүүрсийг Цанхийн зүүн уурхайгаас, 39% буюу 1.9 сая тонн нүүрсийг Цанхийн баруун уурхайгаас ачуулжээ. Энэ оны 9 дүгээр сард /2020-09-25-ны өдрийн байдлаар/ 1.3 сая тонн нүүрс борлуулж, ачуулсан нь өмнөх сарын үзүүлэлтээс гурав дахин өссөн үзүүлэлт буюу энэ оны нийт борлуулалтын 30 хувийг эзэлж байгаа өндөр үзүүлэлт болов


ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2020.09.21.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон Монголын  Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 21-ний өдөр байгууллаа.

Ингэснээр талууд бизнес форум хамтран зохион байгуулах, жижиг дунд бизнес, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллах гэх мэт ажлуудыг зохион байгуулах юм.

Мөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, технологи сайжруулах, өндөр техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрийн технологи, инноваци, үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр туршлага, арга зүй судлах болон компанийн засаглал, захиргаа, удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөдөлмөрийн харилцааны чиглэлээр танхимын гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Түүнчлэн танхимаас явуулж буй эдийн засаг, бизнес, хууль эрх зүйн орчинтой холбоотой бодлогын судалгаанд идэвхтэй оролцох, уул уурхайн мега төслийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг хамтарч боловсруулахад хамтран ажиллах чухал асуудлууд багтжээ.


“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн МЭДЭГДЭЛ

2020.09.18.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээллийг зарим телевиз, сайт, сошиал сүлжээнд зохион байгуулалтай цацаж буйтай холбогдуулан энэхүү няцаалт мэдэгдлийг гаргаж байна. Мэдээлэлд Тэргүүн дэд захирал буюу Уул уурхайн бодлого, уурхайн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан Б.Ганхуягийг нүүрс борлуулах үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй байхад гарын үсэг зурдаг байсан мэтээр гүтгэжээ.

Компанийн журмын дагуу Нүүрс борлуулалтын гэрээний саналын хуудсанд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд гарын үсэг зурж, Борлуулалт хариуцсан газрын захирал болон Гүйцэтгэх захирал гэрээ байгуулж, гарын үсэг зурдаг байсан. /Баримт болгон мэдээлэлд нэр дурьдсан гэрээний зургийг хавсаргав/

Тухайн үеийн гэрээнүүдээс харахад “Б.Ганхуяг тэргүүн дэд захирал байхдаа нүүрсний гэрээнд гарын үсэг зурж, зуучлалын хөлс нэрээр онц их ашиг хүртдэг байжээ” гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг бөгөөд тэрбээр борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй, гэрээтэй танилцдаггүй байсан нь дээрх баримтаас тодорхой харагдана.

Харин КомпанийнТөлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Б.Ганхуяг нь Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш нийгэмд яригддаг “нүүрсний гэрээний зуучлал” гэгддэг хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоолгох, таслан зогсоохын төлөө хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой арга хэмжээ авснаар өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй болсон.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сүүлийн 2 жил дарааллан өндөр ашигтай ажиллаж, анх удаа иргэдэд ногдол ашиг өгөн, 1072 хувьцааг “амь оруулсан”-ы зэрэгцээ төмөр зам, дэд бүтцийн томоохон төслүүд, Улаанбаатар хотын утааг арилгах ажлыг санхүүжүүлэн, улсын төсөв, татварт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж,амжилттай яваа компани юм.

Худал ташаа мэдээлэл, гүтгэлгийг олон нийтийн сүлжээгээр цацаж, уурхайчин хамт олон болон гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд халдаж буй асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байна.


ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ҮР ШИМИЙГ ХҮРТЭЖ ЭХЭЛЛЭЭ

2020.09.04.

“Эрдэнэс таван толгой” компани хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг тарааж эхэллээ. Нэгж хувьцаанд 90 төгрөг ногдож буй бөгөөд 10 хувийн татварын дараа иргэдийн гарт 81 төгрөг олгогдох аж.

Компани хувьцааны ногдол ашигт 179 тэрбум 830 сая төгрөгийг тарааж буй юм. Үнэт цаасны төвлөрсөн хангамжийн төв иргэдийн арилжааны банк дахь дасныг нягталж тулгасны үндсэн дээр ногдол ашгийг тараах ажлыг эхлүүлээд байна.

Албаны мэдээгээр, Эрдэнэс таван толгой компанийн 1072 хувьцаатай иргэн 1 сая 80.592 байдаг бол 1063 хувьцаатай 56,3 мянга, 964 хувьцаатай 34,4 мянга, 857 хувьцаатай 131.2 мянга, 750 хувьцаатай 667,8 мянган хүн байдаг байна.

Тус компанийн хувьцааны 15 хувийг ийнхүү иргэд, компаниуд эзэмшдэг бол 85 хувийг төр/Засгийн газар эзэмшдэг тухай компанийн цахим сайтад мэдээлжээ.


“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдийн ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлжээ

2020.08.25.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн онд нэг их наяд төгрөгөөс дээш цэвэр ашигтай ажиллаж, түүхэндээ анх удаа иргэдэд ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Гэвч тавдугаар сарын эхэнд өгөхөөр дуулдаж байсан 1072 хувьцааны ногдол ашиг тараагдаж эхлэлгүй өдийг хүрсэн.

“ЭТТ ХК мөнгөө гүйцэд шилжүүлээгүй учраас ногдол ашиг тарааж эхлээгүй байгаа” гэсэн тайлбарыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийж ирсэн.

Харин ЭТТ ХК-ийн зүгээс “Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа холбосон бүх иргэний ногдол ашгийг тараахад хангалттай хүрэлцэхүйц мөнгийг ҮЦТХТ рүү хэдийнэ шилжүүлжээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ талаар тодруулахад “Ногдол ашгийн мөнгийг бүрэн шилжүүлсэн” гэсэн мэдээлэл өглөө. Өөрөөр хэлбэл, иргэдийн ногдол ашгийг өгөхөд шаардлагатай 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн байна.

“Ногдол ашгийг иргэдэд тараах ажлыг ҮЦТХТ хариуцдаг. Бид аль тавдугаар сараас эхлээд иргэдийн ногдол ашгийн мөнгийг үе шаттай шилжүүлж, бүртгэл бэлэн болсон иргэдийн дансанд тухай бүр шилжүүлэх шаардлага тавьж ирсэн” гэсэн товч мэдээлэл өгчээ.

Хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, мэдээллийг нь хадгалах, ногдол ашгийг дамжуулан тараах үүрэгтэй газар нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК билээ.


МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН КАБИНЕТЫГ БҮРЭН ТОХИЖУУЛЛАА

2020.07.09.

Мэдээлэл технологийн хөгжлийн хурдацтай энэ цаг үед ирээдүй болсон сурагчдад зориулсан нэгэн чухал үйлийг “Эрдэнэс таван толгой” компани гүйцэтгэлээ. Ингэснээр энэ төрлийн хичээлийн практик сургалтад илүү ач холбогдолтой байх юм.

Компани Даланзадгад хотын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетийг иж бүрэн тохижуулж, санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймаг 2020 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотой тус ажлыг 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Ж.Даваахүү нар 2020 оны долдугаар сарын 3-ны өдөр хүлээлгэн өгөв.

Энэ дашрамд сонирхуулахад, тус компани өмнө нь Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн хичээлийн танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулж өгч байсан юм.


Эрдэнэс-Тавантолгой ХК, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн хамтран ажиллана

2020.06.27.

Эрдэнэс-Тавантолгой ХК, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн цаашид тус ордын нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах, Монгол улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ санамж бичгийн хүрээнд түүхий нүүрсний шинж чанар болон коксжих шинж чанарын судалгааг нарийвчлан хийж, түүхий нүүрс, балансын бус нүүрсийг угаан баяжуулах, баяжуулалтын хаягдлыг ашиглах, нүүрсний баяжмалыг коксжуулах, коксжуулалтаас үүсэх давирхайг ашиглах боломжийг тогтоох, нүүрсний давхаргын метан хийг боловсруулах, түүнээс нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий гарган авах технологийн судалгааг хамтран хийнэ.


 “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

2020.05.22.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгж боллоо.

Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хоёрдугаарт эрэмбэлжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ бусад аж ахуйн нэгжүүдээс тэргүүлжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2019 оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл:

Нийт борлуулалтын орлого   –  1 тэрбум ам.доллар

Нийт борлуулалтын хэмжээ /ачилт/  – 15.5 сая тонн

Нийт экспортын хэмжээ  – 13.7 сая тонн

Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж  – 736 тэрбум төгрөг

Цэвэр ашиг –  1 их наяд 35 тэрбум төгрөг

“Эрдэнэс таван толгой” компани ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ.