ГАЗРЫН ЗУРАГ: Эрдмин, Ачит-Ихт, Зэс эрдэнийн хувь. 

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг гүйцээн боловсруулж цэвэр зэс гаргах асуудал олон жилийн турш яригдсаар иржээ. Бүр 2010 оны 4-р сарын 29-нд УИХ-аас “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” 21 тоот тогтоол гаргасан юм. Гэвч хэрэгжүүлж чадахгүй явсаар өдий хүрсэн. Харин ил уурхайн эргэн тойронд баяжуулах үйлдвэрийн технологид таарахгүй, ядуу агуулгатай учраас бараг дөчөөд жилийн турш зөөн асгаж хураасаар байгаа хаягдал, балансын бус хүдрээс хэдийнэ цэвэр зэс гаргаж эхэлсэн билээ.  

“Эрдэнэт” үйлдвэрийн  ил уурхайн хаягдлын овоолгуудын (хотын зүгээс) харагдах ерөнхий байдал  ↓

Ил уурхайг урдуур нь ороосон хүдрийн хаягдлын нийт 12 овоолго байдаг гэж мэдээлдэг ч тэдгээрийн яг байрлал, эзэлдэг талбай ба хэмжээ тодорхойгүй. Эдгээр овоолго тус бүр харилцан адилгүй буюу балансын бус, исэлдсэн хүдэр гэх мэтээр ялгаатай ажээ.    

Бидэнд олдсон зарим нэг эх сурвалж болон сансрын зураг ашиглан дараах байдлаар баримжаалан зураглав.  (Зурган дээр дарж томруулан үзнэ үү)

Чухам эдгээр овоолгын заримыг ашиглаж хоёр компани цэвэр зэс гаргаж, зарим нь гаргах санаатай байгаа аж. Тэдгээрийг товчхон тоймлоё.

“Эрдмин” ХХК

Балансын бус хүдрийн овоолгыг ашиглаж эхэлсэн анхны компани юм. Бүр 1997 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ 99,999 хувийн цэвэршилттэй катодын зэс гаргаж байна. 2005 оноос эхлэн зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэдэг болжээ. Чухам аль овоолгыг ашигладаг тухай мэдээлэл байхгүй ч нэгдүгээр овоолгын хэсгийг бололтой. Овоолгыг 40 жил ашиглах эрхтэй гэдэг.  

Компани анх байгуулагдахад 51 хувийг “Эрдэнэт” концерн” 49 хувийг АНУ-ын RCM (Ар Си Эм) компани эзэмшдэг байсан бол өнгөрсөн хугацаанд хувьцаа нь нааш цааш худалдагдсаар өнөөдөр “Эрдэнэт” ТӨҮГ 25 хувь, “Мико холдинг” ХХК (Эрдэнэт концернтэй холбоотой) 10 хувь, Ар Си Эм Инк 65 хувийг эзэмшдэг тухай мэдээлэл бий. Бас үйлдвэрийг олон жил удирдаж ирсэн Ж.Дамдинжавт 6,5 хувийг шилжүүлсэн гэж яригддаг ч өөрчлөгдсөн байж магадгүй.  

Хамгийн чухал зүйл бол үйлдвэрийн хүчин чадал, технологи юм. Эрдмин үйлдвэр хөрөнгө оруулагчид тал талаасаа гаргасан нийт 18 сая доллараар босчээ. Жилдээ 3000 тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай. Компанийн сайтад (http://erdmin.mn/) зэс гаргаж авдаг технологоо танилцуулаагүй ч янз бүрийн мэдээ, сурвалжлага, ярилцлагад ерөнхийд нь “шүлтгүйжүүлэлт-уусган хандлалт-цахилгаан химийн технологи”, “хүдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан катодын цэвэр зэс гарган авах” гэх мэтээр тайлбарласнаас үзэхэд дараачийн үйлдвэрийнхтэй төстэй бололтой. 

“Ачит ихт” ХХК

Энэ бол сүүлийн жилүүдийн хамгийн дуулиантай, хамгийн их улс төржүүлсэн, тэгээд хууль хяналтын байгууллагаар шалгуулж сая дууссан, ямар нэгэн “но” илрээгүй гэж мэдээлсэн үндэсний үйлдвэр юм. Ингэхдээ зүгээр нэг үйлдвэр бус, харин бидний байнга нэхдэг боловсруулах буюу Эрдэнэтийн хаягдал овоолгыг ашиглаж байгаа хоёр дахь үйлдвэр.

Хамгийн сүүлийн албан тушаалаараа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааны үүсгэн байгуулсан “Ачит ихт” ХХК-ийн катодын зэс гаргах энэ үйлдвэр 2014 онд нээлтээ хийжээ. Тэдний ашиглаж байгаа 2-р овоолго нь “Эрдмин”-ийн овоолготой яг хаяа залгаж оршдог. 

“Ачит ихт” компанийн үйлдвэрлэлийн талбайг дээрээс буюу сансрын зураг дээр хялбарчлан харуулбал (Зурган дээр дарж томруулан үзнэ үү)

Компанийн сайтад (https://achit-ikht.mn/) өөрийн үйлдвэрийг “гидрометаллургын үйлдвэр” гэж нэрлээд технологийг гэрэл зургаар товч бөгөөд тодорхой танилцуулжээ. Үүнийг дээрх зурагтай уялдуулан тайлбарлавал,  

  1. Хүдрийн овоолгын (80 метрийн өндөртэй) дээрээс хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг тархаан (бороожуулан) асгана
  2. Хүчлийн уусмал доош алгуурхан нэвчихдээ хүдрийн чулуулагт үлдсэн зэсийг өөртөө шингээсээр хэд хоногийн дараа овоолгын ёроолоос “шимт уусмал” болж урсан гарна. Үүнийг “жирэмслээд” гардаг гэж хэлэх нь бий. 
  3. Гарч ирсэн шимт уусмалыг тусгай цөөрөмд хураана. 
  4. Дараа нь уусган хандлалтын цехэд оруулж боловсруулна. Энд хамаг нарийн ширийн технологийн үйл явц өрнөнө.   
  5. Эцэст нь цахилгаан химийн цехэд катодын аргаар 99,999 хувийн цэвэршилттэй зэсийг хавтан хэлбэрээр гаргаж авна.

Тус үйлдвэрийн технологийн шат дамжлагыг харуулсан самбар энэ байна (Зурган дээр дарж томруулан үзнэ үү)

Компанийн танилцуулгад өөрийн технологийг “L-SX/EW буюу зэсийн хүдрийн бага агуулгатай шимт уусмалаас хандлалт, электролизийн аргаар зэс ялган авах” гэж нэрлэжээ. Эрдмин-ийн технологитой нэг их зөрүүгүй сонсогдож байна. Харин хүчин чадал нь жилдээ 10000 тонн зэс буюу Эрдмин-ийнхээс гурав дахин илүү ажээ. Одоогоор жинхэнэ Монголиан коппер корпорэйшн чинь энэ байна. Хөрөнгө оруулалтын хувьд 60 гаруй тэрбум төгрөг буюу 20 гаруй сая долларын бизнесийн зээлээр боссон, түүнийгээ саяхан төлж дууссан тухай мэдээлэл бий. Харин ашигладаг овоолгын зэсийн агуулга арваад жил хүрэлцэхээр байсныг бодож үзэхэд тун удахгүй нөөц нь дуусах бололтой.  

“Зэс эрдэнийн хувь” 

Энэ бол бас л дуулиантай компани. Д.Алтанхуяг гэдэг залуу Эрдэнэтийн хаягдал овоолгыг ашиглан зэс гаргах үйлдвэр байгуулах гэсэн санаа сэдэж 2010 онд Орхон аймгийн 24500 иргэний нэрийг оролцуулан “Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулжээ. Улмаар 2015 онд тус компани нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-тай зөвшилцөлд хүрсэн тухай зарлаж, технологийн бус, исэлдсэн хүдрийн 8а ба 12-р овоолгыг түшиглэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болсон юм.

Гэвч тэд хөрөнгө оруулалт татаж чадсангүй. 2017-2018 оны үед тус компанийг УИХ-ын гишүүн Н.Оюундарийн “Бльюмон” ХХК худалдаж авсан сураг дуулдаад чимээгүй болов. Хэсэг хугацааны дараа Блюмон-ий сураг тасарч ноднингоос хэсэг хүмүүс (өөрсдийнх нь ярьснаар “санаа нийлсэн 10 орчим залуучууд”) хувь нийлүүлж улмаар компаний удирдлагыг гартаа авчээ. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрээс урьд олгосон овоолгууд болон үйлдвэр барих орчны газрын зөвшөөрлийг тойрсон маргаан үүсч хэвлэл мэдээллээр сөргөлдсөөр өдий хүрчээ. Харин  энэ сонгуулийн өмнөхөн хүнд механизм, эксковатор авчирч тэр хавийн газрыг хусч тэгшилж эхлэхийн зэрэгцээ байр сууриа тайлбарласан телевизийн нэвтрүүлэг хүртэл хийлгэсэн байна.

Технологийн тухайд, Эрдмин болон Ачит Ихт компаниудтай зэс үйлдвэрлэх технологи нь ижил боловч “бидний хувьд зэсийн авалтыг нэмэгдүүлэхийн тулд хүдрийг буталж нуруулдан уусгаж SX/EW буюу урвуу хандалт электролизын аргаар зэс үйлдвэрлэнэ” гэх мэтээр танилцуулснаас үзэхэд зарчмын ялгаагүй болов уу. Харин жилдээ 10,000 тонн катодын зэсийн үйлдвэр барихад 60 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай тухай ярьсан нь Ачит Ихт-тэй харьцуулахад хамаагүй өндөр өртөгтэй сонсогдож байна.

Сод Монгол групп ХХК

Ноднин тус компанийн захирал, одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Ц.Анандбазар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хандаж дээрх овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэсэн агуулгатай албан ёсны санал тавьсныг хүлээж аваад судалж үзэх чиглэл өгөгдсөн тухай мэдээлэл гараад өнгөрсөн юм. Үүнийг “Зэс эрдэнийн хувь”-ийнхан яаж ийгээд олж мэдээд эсэргүүцсэн байдаг.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

Олон жил тодорхой шийдвэр гаргахгүй явж ирснийхээ дараа Эрдэнэт үйлдвэр өөрөө хөдөлж эхлэхээр шийдэв бололтой. 2020 оны 1-р сард SX/EW технологиор катодын зэс боловсруулах үйлдвэрийн төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлаж, өмнө нь хураангуй жагсаалтад сонгож оруулсан Майнинг шорт лонг терм, DMT GmbH & Co.KG, Хятадын өнгөт төмөрлөгийн гадаад барилга зураг төслийн компани ТГ, Бээжин куан ие шинжлэх ухаан, технологийн групп ХХК-иудад урилга хүргүүлсэн байна. Энэ ажлын төсөвт өртөг 2,5 тэрбум төгрөг.  Эрдэнэт үйлдвэрийн өөрийн хөрөнгөөр хийлгэнэ. Энэ бол зөвхөн зураг төсөл боловсруулах зардал. Цаашид үйлдвэр барих нийт төсөвт өртөг хэд байх, ерөөсөө ийм үйлдвэр Эрдэнэтийн дэргэд баригдах эсэх, баригдлаа гэхэд хэдий хугацаанд бүтээн байгуулалт үргэлжилж зэс гаргаж эхлэх талаар албан ёсоор зарласан мэдээлэл алга байна.   

Овоолго + Технологи + Хөрөнгө оруулалт + Менежмент  = Монгол зэс

1980-аад онд “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна, энэ зууны царай байна” гэж дуулдагсан. Харин одоо Эрдэнэтийн овоолгууд шинэ XXI зууны цар далайцыг илэрхийлэхгүй ч уурхайн хаягдал төдий биш гэдэг нь ойлгомжтой болжээ. Ядуу агуулгатай, стандартын бус гэх мэтээр нэрлэгддэг байсан хүдрийн овоолгууд эхлээд Эрдмин, дараа нь Ачит-Ихт-ийн хөрөнгө оруулалт, технологийн ачаар хэдийнэ үнэ цэнээ олжээ.

Гэхдээ өнгөрсөн хэдэн арван жилд Эрдмин-д хувь оруулсныг эс тооцвол Эрдэнэт үйлдвэр овоолгуудаа томоор ашиглахгүй явсаар өдий хүрчээ. Төрийн өмчит ба хувийн компанийн ялгаа гэж үнэхээр байдаг аж. Зөвхөн хувийн өмч орж үр ашиг нь нүдний өмнө харагдмагц овоолгоо нэг ёсондоо харамлаж, өмнө байгуулсан гэрээ хэлцлээсээ буцаж байгааг Зэс эрдэнийн хувь-ийн жишээнээс харж болно.

Ингээд шинэ хуучин компаниуд өөр хоорондоо зарчмын ялгаагүй технологийг тус бүрдээ оруулж ирсэн буюу оруулах гэж байгааг үйл явдлын өрнөлөөс харж болно. Тэдний нэг нь Эрдэнэт үйлдвэр өөрөө. Гэтэл овоолгоос зэс гаргах технологийг нэг биш компани Монголд олон жилийн өмнөөс нутагшуулж зүгшрүүлээд амжилттай ашиглаж байгаа атал дахин нэг удаа гаднаас авахаар судалж зураг төсөл хийлгэж байх юм. Дараачийн компани мөн адил.

Ингэхийн оронд Эрдэнэт үйлдвэрийн олон жилийн олборлолтын явцад бий болсон учраас тэдний гарцаагүй өмч болох овоолгууд, нөгөө талаас үр ашигтай нь нотлогдсон жишээлбэл Ачит ихт-ийн (Эрдмин-ээс гурав дахин илүү зэс гаргадаг) технологи хоёрыг хоршуулах зэргээр илүү түргэн урагшилж яагаад болохгүй гэж? Бас цаана нь олон мянган хүнийг татан оролцуулсан Зэс эрдэнийн хувь компани дахин асар их хөрөнгө оруулалт хайж, тэр нь бүтэх бүтэхгүйдээ тулж байна. Энэ бүгдийг эртхэн шийдэж нэг мөр болгохгүй бол монголчуудын мөрөөдөл болсон зэс хайлуулах, боловсруулах, цаана нь дараачийн өч төчнөөн технологи нэвтрүүлж бүр илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахын төлөө явахын оронд Эрдэнэтийн хэдэн овоолго дээрээ эргэлдэн гацсаар суух төлөвтэй.